Жирэмсэний хордлогын тухай
2013/01/28
Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж үр тогтсон мөчөөс эхлэн жирэмсэн болсон гэж үздэг. Жирэмсэн байх нийт хугацаа дунджаар 39-40 долоо хоног буюу есөн сар орчим хүүхдээ хэвлийдээ тээдэг гэсэн үг.
Хүүхэд төрсний дараах гадаад орчин тийм ч сайн байгаагүй эрт үед хүүхэд тээлт 10 сар гаруй үргэлжилдэг байсан нь нөгөө талаасаа хүүхэд хэвлийдээ хурдан бойжиход шаардлагатай амин дэм, бусад эрдэс бодис бүхий хүнс тэжээл хомс байсантай ч холбоотой гэх нь бий. Жирэмсэн эмэгтэйн гэдэс томорсоор төрөх хугацаа болсон үед бүсэлхийгээр хэмжиж үзвэл ойрлцоогоор 98-100 см хүрдэг. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний хугацаандаа гэдэс томрохоос өөр ямар нэг зовиур шаналгаагүй байсаар төрдөг нь жирэмсэн үеийн эрүүл ахуйн дэглэм сахиж, хоол хүнсээ тохируулан хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийсэн зэрэгтэй холбоотой бөгөөд хамгийн гол нь гэр бүл хань ижлийнх нь зүгээс халамж анхаарал тавьж, сэтгэл санааг нь өөдрөг байлгасантай илүү хамааралтай. Гэлээ ч цөөнгүй жирэмсэн эмэгтэйчүүд дотор муухайрах, огиулж бөөлжих, ядрах, бага зэрэг хавагнах гэхчлэн өөрчлөлт орох нь элбэг бөгөөд үүнийг жирэмсний хордлого гэж ерөнхийд нь нэрлэдэг. Хордлогын илрэх байдлаас хамааран өөр өөрөөр нэрлэх ба эмчилгээ нь ч өөр байдаг. Жишээ нь хөлийн шилбэ болон биеийн ихэнх хэсэг хөөж хавагнах нь бөөрний шалтгаантай байх тул эмчилгээ бөөр, зүрх судасны талд илүү чигэлдэг юм.
Жирэмсний хордлого үүсэх олон шалтгаан байх боловч гол нь хэвлийд бүрэлдсэн ураг, түүний өсөлтийг хангах даавар, бусад бодисууд тухайн жирэмсэн эмэгтэйн биед ямар нэг хэмжээгээр харшлах хандлагатайн илрэл гэж үздэг. Хордлого хүүхэд олсон даруйд буюу эхний хоёр гурван сарын хугацаанд илэрвэл эрт үеийн хордлого гэх ба ойролцоогоор эхний гурван сард үе үе илэрсээр хүүхэд хөдлөх үед аажимдаа арилдаг. Эрт үеийн хордлогын үед толгой эргэх, дотор муухайрах, хоолны үнэр авмагц огиулж бөөлжих, ядрах, үүнээсээ болоод сэтгэл санаа тавгүйрэх шинжүүд зонхилон гарна. Эрт үеийн хордлогод тодорхой эмчилгээ бараг шаарддаггүй. Гэхдээ эрүүл агаарт гарах, биеийн тамирын тохирсон дасгал хийх, жимс, амин дэм бүхий хоол хүнс хэрэгэх зэргээр зохицуулаад явдаг. Харин жирэмсний 4-5 түүнээс хойш саруудад илэрсэн эмгэгийг хожуу үеийн хордлого гэнэ. Энэ үед гарах гол шинж нь хөлийн шилбэнээс эхлэн хавагнах, цусны даралт ихдэх, хавангаас болоод биеийн жин нэмэгдэх тул амархан ядарч, сульдах ба сэтгэл санаанд ч өөрчлөлт илэрч болно. Ойр ойрхон шээх эсвэл шөөх хугацаа холдож өтгөрөх ба шинжилгээ хийж үзвэл ялгарах уураг нь нэмэгддэг. Жирэмсний хожуу үеийн хордлого илэрсэн даруй эмчид үзүүлж байнгын хяналтанд орох шаардлагатай. Учир нь хожуу үеийн хордлогоос болоод хүүхэд дутуу төрөх, өсөлт нь саатах, төрөлтийн үед цус алдах, эхэс эрт ховхрох зэрэг төрөх үеийн хүндрэл гарах магадлал өндөр байдаг. Хожуу хордлогоос сэргийлэхийн тулд дээр дурдсан жирэмсэн үеийн эрүүл ахуй, хоол хүнс, дасгал хөдөлгөөн зэргийг эмчийн заавраар тогтмол хийх нь найдвартай арга мөн. Хордлого илэрсэн даруйд эмчилгээнд орох бөгөөд шаардлагатай бол эмнэлэг, сувилалд хэвтэн хяналт шинжилгээнд ойр байх хэрэгтэй. Хожуу үеийн хордлогыг хөнгөн, дунд, хүнд гэж ангилан үзэж болно.
Дунд болон хүнд хордлоготой бол амаржих газрын хоёрдугаар буюу эмчилгээний тасагт хэвтүүлж, эмчийн хяналтанд байлгасаар төрүүлдэг. Хаван буурахгүй, даралт их байгаа бол жирэмслэлтийг мэс заслын аргаар кесеревийн төрүүлэх нь хүндрэлээс сэргийлнэ. Жирэмслэлтээс өмнө бөөрний архаг хууч өвчтэй байсан эмэгтэйчүүд хожуу үеийн хордлогод өртөх магадлал өндөр байдаг тул жирэмслэх насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, хоолой өвдөх, шүд хорхойтох, бөөрний эмгэг зэрэг өмнө нь тоодоогүй явсан эмгэгүүдээ эмчлүүлэх нь жирэмсэн үеийн хордлогоос сэргийлээд зогсохгүй эрүүл хүүхэд төрөх боломжоо бүрдүүлдэг.