1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2020/02/27
Сонгууль болгоны өмнө амь ордог 1072 хувьцааны ноогдол ашгийг энэ удаад иргэдэд өгөхөөр болсон. Тодруулбал, нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож 96,480 төгрөгийг 1072 ширхэг хувьцаатай иргэнд өгөхөөр шийдвэр гаргасан юм.
Монгол Улсын Засгийн газар одоогоос 9 жилийн өмнө буюу 2011 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ноогдсон. Гэхдээ энэхүү хувьцаа нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст хамаарна.
Тухайн үед 1072 ширхэг хувьцааг хүн бүрт хуваарилан өгсөн ч зарим залуус сургалтын төлбөртөө өгөх зарчмаар хувьцаагаа сольж байсныг та бүхэн санаж буй биз. Мөн ахмад настангуудад эрдэнийн хувь гэж 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгэхээр өдгөө иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны тоо өөр өөр гэсэн үг юм. Тухайлбал,
- 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
- 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
- 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
- Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр авч байжээ.
Хэдэн ширхэг хувьцааг хэдэн иргэн эзэмшиж байгааг дараах хүснэгтэд тусгав.
Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг |
Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ |
Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо |
---|---|---|
527 |
47,130 |
10,844 |
536 |
48,240 |
28,160 |
741 |
66,690 |
334,519 |
750 |
67,500 |
667,898 |
848 |
76,320 |
41,359 |
857 |
77,130 |
131,256 |
955 |
85,950 |
9,393 |
964 |
86,760 |
34,491 |
1,063 |
95,670 |
56,346 |
1,072 |
96,480 |
1,080,592 |
Одоогийн байдлаар 1,072 хувьцаа эзэмших эрхтэй мөртлөө бүртгүүлээгүй 580 мянган иргэн байгаа гэнэ. Иймд эдгээр иргэд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө амжиж бүртгүүлэхгүй бол ногдол ашгаа авах боломжгүй болно гэдгийг анхааруулж байна.
Зочин · 2020/02/28
Брокерын пүүст бүртгүүл гээд байгаа биз дээ.Эсвэл өөр юм уу?