Холливудын жүжигчин Том Хэнк коронавирусын халдвар авчээ
2020/03/12
Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ.
Жүжигчин Том Хэнк Австрали улсад Элвис Преслигийн тухай киноны зураг авалтанд оролцохоор ирээд байсан аж. Гэвч энд ирээд бие нь эвгүйрхэн халуурч, ханиад шинж тэмдэг илэрсэн учир шинжилгээнд хамрагдан хариун нь эерэг гарсан байна. Ингэснээр тэрбээр COVID-19 халдвартай болох нь тогтоогдон энэ өвчнөө бусдад тараахгүй байх үүднээс гэр бүлийн хамтаар өөрсдийгөө тусгаарлалтанд авсан талаараа цахим орчинд мэдээлжээ.
Оскарын шагналт 63 настай жүжигчин Том Хэнксийг үзэгчид "Форест Гамп", "Цэрэг Райныг аварсан нь", "Ногоон бүс" зэрэг олон арван кино дүрээр нь сайн мэдэх билээ.
Австрали улсад одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн 120 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.