3-5 жилийн хугацаанд орон сууцтай болно
2014/04/02
Нийслэлийн удирдагч Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй онцлох сэдвээр 4-р сард цуврал дөрвөн удаагийн зангиагүй уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэхүү уулзалтыг эхлэл нь иргэд урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж буй “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 180.000 гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байна. Гэвч жилд 15.000 орчим орон сууц л ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний ердөө 10 хувийг хангаж байгаа аж0.
Харин орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн 80 орчим хувь нь цалин, орлогоосоо хамаарч төрөөс санал болгож байгаа урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдгээр иргэдэд зориулж сар бүр орлогоосоо тогтмол хуримтлал үүсгэж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцтай болох боломжийг олгохоор Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж, урт хугацааны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгалаа.
Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн цалингийн орлогоосоо сар бүр 25-30 хувийг НОСК-ийн орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болно гэсэн үг. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцны үнэд газрын үнэ, шугам сүлжээний зардал, компанийн ашиг, банкны хүү гэх мэт бусад зардал нэмэгдсэн байдаг. Харин НОСК-ийн орон сууцны үнэ нь дээрх нэмэгдэл зардлууд орохгүй бөгөөд нийслэл өөрийн өмчийн газар дээрээ иргэдээс хуримтлуулж буй хөрөнгөөр орон сууцны хороолол барьж хамгийн чанартай, хямд өртөгтэй байна гэлээ.
Мөн зөвхөн орон сууц барих бус сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний газрыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан эхний ээлжийн төлөвлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 9,7 га, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Хотын шинэ төвийн орчим 48 га, Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа 190,8 га, Хан-Уул дүүргийн 12-р хороо Био-Сонгино 112 га, Хан-Уул дүүргийн 16-р хороо Яармагийн спорт цогцолборын хойд талд 3,1 га, Баянзүрх дүүргийн 20, 23-р хороо Улайстайн аманд 106 га газарт НОСК-ийн орон сууцны хорооллыг байгуулах юм.
Гол нь орон сууцны хөтөлбөрт зөвхөн нийслэлийн иргэд хамрагдана гэсэн хязгаар тавиагүй бөгөөд хөдөө орон нутаг, гадаад улсад амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой аж. Харин сар бүр төлж буй орлогоос хамаарч 25-60м.2 орон сууцнаас иргэд сонголтоо хийж авна. 3-5 жилийн дотор уг байраа өөрийн өмч болгох бөгөөд энэ хүртэл тухайн байр нийслэлийн өмч байна.
НОСК-ийн орон сууцны хөтөлбөрт эхний ээлжинд 20,000 орон сууцны захиалга авч 50,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоо гаргасан бөгөөд эхний ээлжийн санхүүжилтээр 2 хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ . Төслийг Олон Улсын нээлттэй тендер зарлаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Уулзалтын үеэр сэтгүүлчид хөтөлбөрийн санхүүгийн баталгааг хэрхэн өгөх болон одоо ашиглалтад орж буй барилгуудын дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудал хүндрэлтэй байгаа энэ үед НОСК-ийн хорооллыг яаж шийдвэрлэх талаар Э.Бат-Үүл "Санхүүгийн хувьд бид энэ хөтөлбөрт 400 мянган га газраараа 100 хувь баталгаа өгч чадна. Үүн дээр иргэд санаа зовох хэрэггүй. Харин цахилгаан, дулааны асуудлыг тухайн хорооллын бүсд жижиг хэмжээний дэд станц байгуулж шийдвэрлэнэ. Иргэд маань эдгээр хорооллыг хол байна гэж битгий бодоорой. Дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг нийгмийн бүхий л асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Ажилтай, цалинтай бүх хүн орон сууцтай болох энэ хөтөлбөрийг иргэд маань 100 хувь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.
Нийслэлийн Засаг даргаас НОСК байгуулах, хөтөлбөрийг 4-р сарын нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Х.Даваа