Б.Ганхуяг: Ноогдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэн олгоно
2020/03/17
1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэх цаг ойртож байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс хойш холбогдох тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгох юм.
Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа ч “1072 хувьцааны төв”-д хандаж буй иргэдийн тоо нэлээдгүй байна.
2020 оны 3 дугаар сарын 2-ноос тус сарын 16-ны хооронд мэдээллийн төвийн байранд 825 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан бол 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4050 хүн холбогдоод байна.
Өөрийнхөө хувьцааг шалгах, данс нээлгэх бол энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.