УДШ дуучин Б.Амархүүд оноосон ХОЁР жилийн ялыг хэвээр нь үлдээлээ
2020/03/25
Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид өнгөрсөн оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд /2019.12.17/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой (Хоёр жилийн хорих ял) Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байдаг. Улмаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан байдаг.
Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Амархүүг үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
Иргэн · 2020/03/26
Ямар сайн байхавдээ, гэхдээ хар тамхи даанч өршөөх учиргүй зүйл !
Зочин · 2020/03/26