Хятадын эдийн засаг 1.4 хувиар буурахад Монголынх 5.2 хувиар буурч байв
2020/03/31
Коронавирусийн цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүсэх нь нэгэнт тодорхой болж, тэр ч байтугай сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал дэгдэнэ гэсэн түгшүүрт мэдээлэл тархаад байна.
Олон улсын валютын сан коронавирусийг 2008 оны олон улсын эдийн засгийн хямралаас дутахгүй хохирол учруулна гэж тооцжээ. Тус санд одоогоор 80 гаруй улс санхүүгийн яаралтай тусламж авахаар хандаад байгаа юм байна. ОУВС-ын тэргүүн Кристалина Георгиева “Коронавирусийн халдварын дэгдэлт буурай, хөгжил дорой орнуудын эдийн засагт хүндээр тусах өндөр эрсдэлтэй байна. Халдвар тархсан орны олонх нь их хэмжээний өртэй. Хэрэв тархалт үргэлжилсээр байвал тэдгээр орон өрөө төлж чадахгүйд хүрнэ. Коронавирусийн халдвараас үүдсэн хямрал томоохон гүрнүүд болон хөгжил буурай орнуудын эдийн засагт залруулж боломгүй асуудал тарихаас өмнө дорвитой алхмуудыг хийх хэрэгтэй. 2020 оны эдийн засгийн хямрал маш том байх болно” гэдгийг саяхан болж өнгөрсөн “Их 20”-ийн гишүүн орнуудын удирдагчдын видео хурлын үеэр онцолсон билээ.
Ирэх дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тоймыг танилцуулж, бүс нутаг, улс орон тус бүрээр хийсэн дүгнэлт, цаашдын төлөвийн таамаглалаа танилцуулах юм. Кристалина Георгиева ийнхүү урьчилан мэдэгдэл хийсэн нь дөрөвдүгээр сард болох уг танилцуулгаар нэгэнт таагүй дүгнэлт гарах нь тодорхой болсон тул эртнээс олон нийтэд мэдэгдэж, зах зээлд “доргио” үүсгэхээс зайлсхийж байна хэмээн эдийн засагчид таамаглаж байна. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үүнээс илүү муу таамаг дэвшүүлж байна. Учир нь, тус байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулснаас гадна Япон, Евро бүс зэрэг хэд хэдэн эдийн засаг уналтад орж болзошгүй гэж мэдэгдээд буй. Түүнчлэн НҮБ-ын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд өвчин дэлхийн эдийн засагт нэг их наяд ам.долларын хохирол учруулна гэж үзсэн. Болзошгүй уналтаас сэргийлэхийн тулд улс орнуудын бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж, гуравдугаар сарын дундуур л гэхэд нийт 30 гаруй улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаад буй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс коронавирус Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд ч аль хэдийн нөлөөлөөд эхэлснийг харж болно.
Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурчээ. Экспорт 29.5 хувь буурснаас шалтгаалан Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.9 хувиар буурсан байна. Экспорт буурсныг дагаад импорт 10.4 хувиар хумигдлаа. Энэ нь коронавирусийн улмаас Хятад Улсад түүхий эдийн эрэлт огцом буурснаас, тухайлбал, нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар багассантай холбоотой юм. Хэдийгээр коронавирусийн дэгдэлт эрчимтэй хэвээр, хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй, вирусээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бүрэн тодорхойлох боломжгүй байгаа ч олон улсын судалгааны байгууллагууд дэлхийн улс орнуудын өсөлтийн төлвийг хэдийн бууруулаад эхэллээ. Тухайлбал, "Fitch Solutions" агентлаг Хятад Улсын эдийн засаг 5.9 хувиар өснө гэж таамаглаж байснаа 4.2 хувь болгож бууруулав. Эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэн 2020 онд Хятадад эрэлт уул уурхайн түүхий эдийн эрэлт буурч, Монгол Улсаас худалдан авдаг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буурах магадлал өндөр. Учир нь манай улс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай. Түүнчлэн эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар вирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал манай улсад ирэх зургадугаар сараас мэдэгдэж эхлэхээр байгаа аж.
SARS-ийн дэгдэлтийн үед Хятадын эдийн засаг 1.4 хувиар буурахад Монголынх 5.2 хувиар буурч байсан. Харин одоогоор эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр орчим хувиар буурна гэсэн таамаг дэвшүүлээд байна. 2008 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямрал ойртож байгааг хамгийн оновчтой таамаглаж чадсан эдийн засагч Ноурель Рубини одоо үргэлжилж байгаа халдварын тархалт, үүний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэл, уналттай холбогдуулан халдварын тархалт амар буурахгүй, багагүй цаг хугацаа шаардагдах бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд 2.5-4 орчимд байж төсвийн бодлогын арга хэрэгслийн үйлчлэл аажим нөлөөлж, удаан хугацааны дараа үр дүнд хүргэх тул дэлхийн эдийн засаг "V" хэлбэрээр хурдан сэргэхгүй, сэргэлт удаан байна гэж үзжээ. Хэрэв Хятадын эдийн засгийн өсөлт үнэхээр 2.5-аас дөрвөн хувийн хооронд хэлбэлзвэл манай улсын эдийн засаг бараг өсөхгүй, хасах үзүүлэлт рүү орох бололтой. Монгол бол Хятадаас хамгийн их хамааралтай эдийн засаг бөгөөд нийт экспортын 92 хувь нь Хятад Улс руу гардгаас 90- ээс дээш хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг билээ.
Эх сурвалж: https://akipress.com
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН