Подонок
2013/04/05
Подонок (русс.)- үл бүтэх этгээд, олиггүй хүн, өөдгүй амьтан, новш. С.Баярцогт гэж нэрийг хэлэхээр бараг хүн болгонд ОТ-н илт булхай, луйвар, хармаандаа гараа хийн том алхсан дээрэнгүй эрхэм…
Та нар даанч мэдэхгүйлдээ, юу ч мэдэхгүй гэж хэлэн ТВ-ээр гарч байсан санаанд орох байх. Гэтэл саяхан болсон хэвлэлийн бага хурлаар нөгөө баатар шалдаа буун, хий нь гарсан дугуй шиг болж, гөлөгнөж сэтгүүлчдийг царайчлан, өөрийгөө өмөөрөн зөвтгөхийг, будилан байж оролдлоо. Үнэнд гүйцэгдэхээрээ гэмт хүн гэлбэлзэж ингэж арчаагүй болохыг бүгд харлаа. Юу болсон бэ гэвэл монгол улсын дээрээсээ 4 дэх тушаалд тухалсан энэ түшмэл, Швейцар улсад нууцданс нээж хөрөнгө байрлуулан, оffshore гэх ихэнхдээ гэмт бүлэглэлүүд хэрэглэдэг, мөнгө угааж хөрөнгөө нууцлах зориулалттай компани байгуулсан байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон юм. Ернь бол С.Баярцогт улс төрч биш, харин авилагч, төрд шургалсан гэмтэн гэдэг нь монголчуудын хувьд шинэ зүйл огт биш байсан. Одоо энэ нь баримтаар батлагдаж эхэлж байна. Энэ судалгаа бол 15 сарын турш үргэлжилж 46 улсын 86 сэтгүүлч оролцсон, сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй том хэмжээний эрэн сурвалжлах ажиллагааны үр дүн юм гэж уг мэдээг ил болгосон Consortium of Investigative Journalists (ICIJ) гэгдэх байгууллагын захирал Жерард Рил дурджээ.
Мөн энэ 2,5 сая бичигт, нэгч худал мэдээ байхгүй зөвхөн баримтан дээр тулгуурласан гэж тодруулсан. Тэр олон мэдээнээс цөөхөн хүний тухай жишээ авснаас С.Баярцогтын талаар Монгол улсын УИХ-н дарга гэж онцлон дурдан, Швейцарь дахь нууц дансандаа сая гаруй доллар байршуулсан байсан тухай баримтуудыг ил болгосон юм.С.Баярцогт Авлигатай тэмцэх хуулийн дагуу хариуцлага хүлээнэ, дэд даргын суудлаа өгөх талаар УИХ-ын даргатай ярина, гишүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээнэ гэсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй шалтгаанаа тухайн үед харьцангуй мэдлэг багатай байсан хэмээн тайлбарласан нь инээдтэй. Энэ хүн мэтгэлцээн дээр өөрийгөө мэдлэгтэйгээ, бас туршлагатайг гайхаж сагсуурч байсан. Туршлагтай нь үнэн.Парламентад энэ хүн шиг олон удаа сонгогдсон гишүүн ховор, гэмт үйлдэл нь илрэн дэлхий даяр цацагдахад, яаран сандран хэвлэлийн бага хурал зарласан нь УИХ-д 5 удаа суухдаа гайхалтай сайн худал ярьж сурсан авьяасандаа найдсан байх. Гэтэл Швейцарийн банкинд зүгээр нэг үнэт цаасны худалдаа хийх гэж нууц данс хэнч нээдэггүй юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн аль ч арилжаанд,дотоодын ямарч банкны дансаар гүйлгээ хийж болохыг, сангийн сайд байсан С.Баярцогт мөн мэдээгүйн хачирхалтай .
Тэр зүгээр л албан тушаалаасаа буугаад өнгөрнө гэж бодож байна. АН-хан түүний толгойг нь илээд, дахиж битгий тэгээрээ гээд л асуудлыг мартана гэж тооцоолж байгаа. Энэ байж боломгүй явдал дээр бид үгээ хэлэхгүй, эсэргүйцэхгүй бол бараг л тэгэх байх. Ингэж үнэнг зориудаар гуйвуулан, арьсаа авч үлдэхийн тулд юу ч хийж, ямарч худал хэлэхэд бэлэн хүнийг нийгэмд жигшэн зэвүүцэн хүлээн авдаг билээ. Монголын түүхэнд ингэж нийт ард олондоо үзэн ядагдан,хараалгаж байгаа улс төрч их цөөхөн байсан байх. Монголчуудыг африкийн ширэнгэд байгаа, бичиг үсэг тайлагдаагүй юм ойлгож чадахгүй зэрлэг малнууд гэж үзэн, хүүхэд хуурч байгаа мэт тайлбар хийн доромжилж байгааг Чингисийн монголчууд тэвчихгүй. Энэ өчүүхэн хүн өөрөө хариуцлага үүрэн сайн дурараа огцрон, шүүхээр шийдэгдэх ямарч чадваргүй нь ойлгомжтой. Харин эсрэгээр өөрөө буруугуй, харин дэлхийн нэр хүндэт "Guardian" алдаа гаргасан мэт гүтгэх нь энэ түшмэл ямар хүн гэдгийг сайн харуулж байна. Тэхээр түүнийг хэрхэн шийдвэрлэх нь УИХ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын гарт үлдэв. Тэсрэхэд бэлэн, бухимдан буцлаж байгаа олон нийтийг намжаах нь уу аль эсвэл... гэдгийг бүгд ажин, хараагаа саарал ордны зүг чиглүүлж байна.Хүн төрөлхтний замд улс орон төрд тэрсэлсэн эрх мэдэлтэнүүдийг шүүдэг, зохих цээрлэлийг эдлүүлдэг жамаар явж, түүх эргэн давтагдсаар ирсэн. Эрх мэдэлтэнд, ард түмэн ялагдсан тохиолдол дэлхийн явцад байгаагүй, ирээдүйд байхгүй л болов уу.Азид л гэхэд, Солонгосын хоёр Ерөнхийлөгч Чун Ду Хан (1980-1988), Ро Дэ Ү (1988-1993) нар авилга авсан хэргээр 1996 онд цаазаар авах ял сонссон. Гэхдээ Солонгос улсыг босголцсон гэсэн үндэслэлээр амь насыг нь хэлтрүүлж өршөөгдөж Чун Ду Ханг бүх насаар хорих, Ро Дэ Үүг 22 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон. Солонгосын хамгийн сүүлийн жишээ гэвэл 2003-2008 онд Солонгосын Ерөнхийлөгч байсан Ро Мо Хун авлига авсныг нотолж 2009 оны тавдугаар сард яллагдагчаар татагдсан юм. Энэ мэдээг сонсоны дараахан гэрээс бичин амиа хорлосон. Энэ хүн Мораль-тай хүн байв уу, үр хүүхдээ бодов уу, Солонгос улсаа бодов уу, ямар ч байсан надаар сургамж аваг гэсэн болов уу. Дэлхийн олон улсад ийм жишээ олон бий. Яагаад ийм юм болоод байхад төрийг удирдаж байгаа бусад хүмүүс дуугай байна, Элбэгдорж ерөнхийлөгч хаврын чуулганыг нээхдээ шүдээ зуун занан, нүдээ гялазуулан байж хорсолтой хэлсэн илтгэлдээ, нэг ч үг гэмт даргынхаа тухай дурдсангүй вэ? Адил идсэн болхоор амаа үдүүлсэн эсвэл угшил нэгтэй учир хаацаалан үлдээхийн тулд хэлж чадахгүй гэсэн ойлголт төрүүллээ . Манай ерөнхийлөгч их гоё романтик ярьсаар олон жил үдлээ, хэзээ үнэхээр хийж эхлэхийн хүлээсээр л бид. Монгол улсыг 23 жил ардчилсан нам, ардын нам хоёр ээлжлээд удирдсан. Өнөөдрийн энэ харанхуй, үхэлт монголыг хамт бий болгосноо, 2 удаа ерөнхий сайд байсан өнөөдрийн ерөнхийлөгч мартаагүйл баймаар. Тийм болхоор өрөө гэмгүй цагаан тагтаа болон суух зохимжгүй юм. Үнэндээ энэ ороо бусгай цагт ард олон туйлдан сөгдөж, яаж хүн шиг амьдрахаа мэдхээ болиод . Иргэдийн дунд АН бол Авилгал нам, МАН бол Монголыг Алсан нам гэж тайлан уншихаар нэр хүндгүй хөрхийлөлтэй болжээ. Одоо тогос шиг сайхан хувцас өмсөөд, алтан гургалдай шиг донгодсонч ардууд итгэхээ байсан. Өнөөдөр Ардын намынхан талбай дээр цугласан ард борчуудтай гар барин, инээж хувьсгалч байдлаар үг хэлэх нь цаанаа л нэг нүдэнд дасамгүй, худал хийсвэр харагдаж байсан. Идэхийн хувьд аль аль нам нь идсэн, ялгаагүй хулгайлсан баячууд болсон, энэ Баярцогт бол зөвхөн далайд хөвдөг том мөст уулын цухуйж байгаа жижигхэн оройн.
Ийм УИХ даргатай байгаа улсад “Зомгол хөвж, алт живдэг цөвүүн цаг иржээ” гэдэг үг зохимжтой.Тэхээр одоо яах вэ…энэ тэр гэлтгүй бүх намуудыг татан буулгах цаг иржээ. Одоо зөвхөн улс орны үндэстний эрх ашгийн төлөө бүхнийг хийх үе ирсэн гэдгийг энэ бүх явдал, өнөөгийн монголын арчаагүй байдал харуулж байна. Offshore-Leaks буюу Consortium of Investigative Journalists (ICIJ) ил болгосон 2,5 сая материал дотор С.Баярцогтоос гадна, өөр олон нууц данстай буруу гарын хөрөнгө цуглуулсан Монгол нөхдүүдийн нэр удахгүй ил болно гэж бодож байна. УИХ дэд даргын хувьд юун зөвхөн огцрох... өөдгүй амьтан шоронд орох нь шудрага үнэнд нийцнэ. Биднийг яаж энэ хүнд хариуцлагаа тооцох нь уу гэж дэлхийгээрээ монголын зүг анхааралтай харж, олон улсын мэдээллийн хэрэгслээр нууц мөнгөтэй Монголын даргын тухай шуугжин. Энэ бол нэг улс төрч гэх хүний авилгал авсан хэрэг биш, бүхэл улсын нэр төр, ирээдүйг цаашид тодорхойлох хэрэг. Ерөнхийлөгч илтгэлдээ „Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан, одоо хуулийн өмнө мөнгө мөхөсддөг цаг ирлээ“ гэсэн. Бид хүлээж байна.
PS: Францын төсвийн сайд Jerome Cahuzac, С.Баярцогтой яг ижил нууц данстай байсан нь мэдэгдсэн тул өчигдөр огцорчээ. Экс-сайдын эсрэг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэсэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.