Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туяа иога төвөөс санаачлан Нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой нэг сарын аянг зарлалаа.

Тус аян нь энэ сарын амралтын өдрүүдийн турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өглөөний 09:00 цагт  "Эрүүл орчин-Идэвхтэй Хөдөлгөөн” сэдэвт өглөөний дасгал аяныг өнөөдрөөс эхлүүлсэн юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн ая тухтай эрүүл орчинг цогцлоохын тулд 2.5 км дугуйн болон гүйлтийн зам, явган хүний замыг барьсан бөгөөд  22 нэр, төрлийн 100,000 гаруй мод, бут сөөгийг арчлан ургуулж байгаа аж.

Туяа иогийн төв нь ард иргэдииг хөдөлгөөний дутагдлаас арилгах, эрүүлжүүлэх, мөн хөдөлгөөний цогц мэдлэгийг хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор хөдөлгөөний боловсролыг өглөөний дасгалаар 1 сарын аяны хүрээнд системтэй сургалтаар олгохоор болжсон юм.

Өглөөний дасгалд оролцох албан байгууллага, хамт олон, иргэн бүрийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүд хаалга нээлттэй үргэлж нээлттэй.

Х.Даваа