Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тасгийн даргыг 30 хоног хорихоор боллоо
2020/04/06
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг бусдаас хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан өнгөрсөн пүрэв гаргийн үдэш АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний төгрөг, 10 000 ам.доллар хураасан аж.
Түүний цагдан хориог сунганх саналыг өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророор дамжуулан шүүхэд хүргүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад бусдаас хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцож, 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж гаргажээ.
Б.Батсүх нь энэ оны 02р сард чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан аж. Түүнийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа актаар тогтоогдсон татварын хэмжээг багасгаж хахууль авсан, ингэхийн тулд компаниудын удирдлагыг шантаажилсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/04/06