Гадаад, дотоодын их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрөө өөрөө төлсөн бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Иргэн бүр Хувь хүний орлогын албан татварын тайланг жил бүр гаргаж өгдөг. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг юм.

Тухайн оюутны сургалтын төлбөрийг эцэг, эхчүүд өөрөө төлсөн бол харьяа дүүргийнхээ татварын албанд тайлангаа гаргаж өгнө. Тухайн тайланг татварын алба хүлээж аваад баталгаажуулна. Уг баталгаажсан тайланг Нийслэлийн төрийн санд хүргүүлдэг. Гэхдээ хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.6 зүйлийн дагуу уг тайланд тухайн хүн өргөдөл дээрээ илүү төлсөн татварыг буцаан шилжүүлж авах банк болон дансаа бичиж өгдөг. Тэр дансанд нь нийслэлийн төрийн сангаас мөнгийг нь хийж өгдөг аж.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 14 мянган иргэн татварын хөнгөлөлт эдэлж, 9.9 тэрбум төгрөгийг буцаан олголтод авсан байна. 

Х.Даваа