Эрх мэдэлд цамнасан поп залуус төрийн сэнтий горилоод эхэллээ
2020/04/09
“Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр, тархигүй моньднууд” хэмээн буурлууд дэггүй нэгнийг хүмүүжүүлчихдэг байлаа. Тэгвэл яг л ийм дэггүй моньднууд улс төрд орж ирэхээр дэнчингийн мөнгөө хэдийн байршуулчихсан, бялуу хүртэх ээлжээ хүлээн уртын урт дараалал үүсгэжээ.
Зуу зуугаараа ямар нэгэн эрх ашигт захирагдан нам намын хаалга татан гүйлдэх тэдний дунд “Энэ нь арай дөнгүүр юм” гэх лидер алга. Гэтэл нийгэм, олон нийт хийвэл хийчихдэг, шийдвэл шийддэг, нэр цэвэр, мөр цагаан, хувийн шуналгүй, эх орноо гэсэн халуун сэтгэлтнийг хаанаас ч юм гараад ирнэ хэмээн хүлээж байсан нь нууц биш. Гэвч ийм залуу удирдагчид энэ сонгуулиар лав үзэгдэхгүй нь бололтой. Лидергүй намуудыг ичээж, дэнчингийнх нь төлөө сөрж зогсох залуусын эрэлд иргэд хатаж байв
Зуу зуугаараа биш юм гэхэд шижигнэсэн арван залуу улс төрийн зориг гаргаж, арай өөр шаардлага тавьсан бол гоё харагдах байлаа. Нэг намд бус нийт олонд таалагдах тактикийг харамсалтай нь залуус бодож олсонгүй. Тэд ах нарынхаа бохир технологи, эрх ашиг дүүрэн хар хайрцаг руу амаа таглаж, нүдээ аньж байгаад загас шиг үсрэлдээд орчихлоо. Угтаа бол нийгэмд шинэ үеийнхнээс шийдвэртэй ямар ухаалаг алхам гарахыг нь иргэдийн ихэнх нь хүлээж байлаа. Даанч тэд мэдрэмжгүй, зориггүй, хувь хүний онцгойрох характер, асуудлыг өөр өнцгөөс шийдэх чадамжгүйгээ харуулж, ах нарынхаа өөдөөс мөнгө бариад гүйчихлээ. Ийм залуу үеийг бид хүсээгүй юм.
Сонгогчид өнгөрсөн он жилүүдэд цогтой, эрч хүчтэй, шинэчлэгчдийг хайсан. Харамсалтай нь, залуу үе нь сонгогчдынхоо сэтгэл зүй, амьдрал ахуй, нийгмийн захиалгыг судалсангүй. Зөвхөн суудал олгогч хоёр намын аманд багтаж, чимээгүйхэн шургалан орох газраа хайцгааж байгаа нь эмгэнэл. Энэ жагсаалтын эхэнд улстөрчийн хүүхэд улстөрч болно гэх муйхар үзэлтнүүд багтаж байгаа бол араас нь бөх бол улс төр гэх философитнууд эрийтэл жагсаад байгаа юм. Дарааллын тэн хагаст фэйсбүүкийн элдэв шар групп тэргүүлэгчид буюу цахим ангуучид багтаж байна. Ардхан талд нь урлагийн гэх тодотголтой залуучууд багтаж байгаа нь хөх инээд хүргэм солонгорсон жагсаалтыг бүрдүүлж байна. Энэ бүхний түрүү магнайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, Олимпын аварга Н.Түвшинбаяр, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга, Ц.Отгонбаатар, “Нэткапитал” санхүүгийн группийн үүсгэн байгуулагч гэгдэх Д.Сүндий, жүжигчин Ж.Баясгалан, сэтгүүлч О.Батханд, Мэдээлэл, харилцаа холбооны дарга асан Ө.Жадамба, АЗХ-ны дарга С.Эрдэнэболд, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа, ХХААХҮЯ-нд газрын дарга байсан Ганибал, АН-ын ЕНБ-ийн дарга Туваан гэх мэтээр үргэлжилнэ. Мөн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч С.Отгонбаяр, Асашёрюү Д.Дагвадорж, ТЕСО группийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт гэх мэт сонгуульд АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүн байгаа гэх мэдээлэл цахим орчинд ил болсон.
Монголын улс төр хэн дуртай нь, ямар ч үнээр хамаагүй шургалан ордог бялууны цех болжээ. Энэ цех дотор мэргэжлийн хүн байх эсэх нь хэнд ч хамаагүй болсон бөгөөд зөвхөн “дэнчингийн мөнгө”-тэй өндөр босгоор алхаж орж чадсан хэнд ч албан тушаал, эрх мэдэлд хүрэх таатай нөхцөл бүрдсэн нь иргэдийн итгэлийг туйлдуулж байна. Энэ гажиг тогтолцоог Япон гэх мэт улс төрийн соёл, төлөвшилтэй орны судлаачид ихээхэн гайхдаг бөгөөд “Монголд улс төрд орж, мөнгө олохыг хүссэн залуус их байна. Энэ бол буруу. Энэ хандлага, үйлдлээ болих хэрэгтэй. Японд бол улс төрд орвол бүх мөнгөө алдана гэж ярьдаг. Том газар, байшинтай хүн улс төрд орвол байшингаа алдаад, газрынхаа өчүүхэн хэсэгтэйгээ л үлддэг. Ингэж байж улстөрч болдог. Хэрвээ чи эрх мэдэлтэй болохыг хүсвэл Ерөнхий сайд бол, нэр хүнд хүсвэл судлаач бол, мөнгө хүсэж байвал бизнесмен бол гэж ярьдаг. Энэ бүх хүний үүрэг, хариуцлага өөр өөр байдаг. Энэ ялгаатай үүрэг, хариуцлагыг зарим залуус андуураад байгаа харагддаг. Үүнийг монгол залуус заавал ойлгох ёстой” гэх найрсаг бөгөөд хатуухан зөвлөгөө өгснийг энд онцлъё.
ЭРХ МЭДЭЛД УЛАЙРСАН ЗАЛУУС ХЭРЭГГҮЙ
Улс төр улайсч, түүнийг нь дагаад олон нийт уурсаж байна. Үнэндээ эрх баригч намынхан дотоод хямралаа монгол төрийн хоймор руу чирээд оруулчихсан. Энэхүү ээдрээ, бужигнаанаар дүүрэн цаг үед эрчүүд нь илүү гайхашруулж, хор хонзонгоо ил гарган шидэлж, олон жилийн турш хийж ирсэн үйлийн үрээ ухалцан , эрээ цээрээ алдацгааж байна. Хэрэв өнөөгийн улс төрийн өнгө болсон эрхмүүдийн сэтгэлдээ хураасан нүглийг гарынх нь алган дээр гаргаж ирээд харвал огиудас хүрэм үйл хэрэг бүтээсэн нь тодорхой. Даанч тэдэнд энэ цагт л лав хийснээ эргэж харах, өөрийн мөн чанар руугаа өнгийх сэхээ алга. Тэд албан тушаал, сонгуулийн тойрог, суудал хуваалцаад завгүй бужигнацгааж эхэллээ. Ийм л замаар явж байгааг нь сүүлийн хорин жил иргэд шүүмжилсэн ч тусыг олсонгүй ээ. Ах нар нь цүнх баригч гэх юу ч хийдэггүй, бөгс долоогчдыг гардан бэлтгэж, төрийн албаны өнгөтэй, өөдтэй албанд томилж, дэргэдээ тушсаар нүд, сэтгэлийг нь сохолж, улмаар амьдралаас тасалчихдаг. Нүд улаан, мөнгө цагаан гэх зарчмаар хамаг залуу насныхаа хүсэл мөрөөдлийг сольчихсон амьдрал үзээгүй пацаанууд биеэ тоож, бэнчингээ гайхуулцгаан улс төрийн халуун тогооноос гарч чадахгүй болтлоо “чанагддаг” нь шинэ цагийн гэх залуусын явж ирсэн зам мөрийн дөнгөж зах зух нь. Мэдлэггүй, мэргэжлийн бус хүмүүсийг төрийн албаны бодлого ярьдаг гол албанд томилдог болсноор улс төрийн намуудын тогтоосон муу загвар үндсээ бат, гүн тавьчихсан. Энэ бүхнээс төрийн албыг цус ойртсон, эрх ашгаа буруу эрэмбэлсэн, чадваргүй хүмүүсийн цуглуулга боллоо хэмээн олон нийт харамсдаг. Энэ харамсал ирэх сонгуулиар сэдэрч, элдэв хэрэг, явдалд нэр нь холбогдож байсан мөн ч олон муу түүхтэй залуус гишүүн болохоор санаархаж байгааг сануулах нь зүйтэй билээ. Тэд ах нарынхаа явсан мөрөөр л алхана. Тэд өсөх бага наснаасаа харж, сонссон технологийг гардаж хийж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, залуус эрдэм мэдлэг, хүнлэг сэтгэлээ мөлжихгүйгээр улс төрд ороод ирвэл хорин жилийн дараа “мангас” болчихсон сууцгаах нь дамжиггүй. Тэд өөрсдийн явсан замаараа дахин дараагийн үеийг бэлтгэнэ.
Өнөөгийн намуудын үнэн царай юу билээ. Жирийн гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, асуудал шийдэхэд оролцуулдаггүй. Энэ цагийн залуус яг л ийм намыг бий болгохоор байна. Тэд хоосон попчид болохын тулд өнөөдөр 100 сая төгрөгийн дэнчин хураалгачихаад нүүрээ харуулахгүй, өөрсдийн цагийг хүлээж сууна. Яг л өнөөх аймшгийн кинон дээрх цус сорогч, мангасууд шиг. Энэ бүхнийг эсэргүүцэх, шинэ бодлого, эерэг хандлага бий болгох гэж зүтгэх залуус даанч алга. Хэрэв тэд 100 сая төгрөгөөр улс төрийн ямар нэгэн эрх ашигтан болох гэж зүтгэхийн оронд намын төлөвшлийг ярьсан бол гоё харагдана.
Гэтэл тэдний армийнхан буюу Э.Эрдэнэжамьяан, “Үнэн ба зөв” намын гэх улаан хацарт А.Отгонбаатар, Т.Ганболд гэх мэт “Гэнэтийн бэлэг”-нүүд юун шинэчлэл, бодлого, мөрөөдөл, төсөөлөл ярих вэ. Зүүдэнд ч оромгүй мөрийн хөтөлбөр танилцуулчихсан, элийрч явна. Намууд үзэл суртлын, соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй, хэрүүл маргаан тэмцэл рүү иргэдээ уриалан дуудах ажлыг гардан зохион байгуулж буй нь энэ мэт өөрийгөө ч таньж амжаагүй залуусыг улс төр рүү чирж байна. Мөн Монголын хоёр том нам хэмээн өөрсдийн булай, луйвраа цагаатган мэдээлдэг АН, МАН цаашид ч төлөвшихгүй нь тодорхой болж, зөвхөн мөнгөтэй хэсгийнхний карьер хөөдөг, албан тушаал өгсөх шат гишүүр болон шавартай хутгалдаж байгааг харах гунигтай.
Улс төрд тойрог, суудал горилогчид лектор байхыг манлайлал гэж хараад байх шиг. Их гоё ярих юм бол хүнд таалагдана гэж эндүүрээд байна. Аль нэг улстөрчийн хүүхэд бол, хэн нэг албан тушаалтны нөмөр нөөлөг дор фракц үүсгэсэн бол улстөрч болчихно гэж эндүүрээд байна. Цахим орчинд өөрийг нь дэмжигчдийн хуудастай л бол гишүүн болчихно гэж андуураад байна. Гэтэл тодорхой мэдлэг, хийсэн бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдөж байж тэр хүн олон нийтээс дэмжлэг авна. Залуус аа, нийгэм лидер хайж байгаа болохоос дэнчинд дөнгөлүүлэгчдийг хайгаагүй ээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/04/10
Үргэлжлүүлж монголыг доройтуулах ГАЗАР НУТГИЙГ ГАДНЫХАНД НАЙР тавих гэсэн хулгайчуудын хүүхдүүд голдуу бна МӨН тэдний гар хөл болж хамтарч идэж ууж байсан гоё сайхан худлаа ярьдаг нөхдүүд байна 100-сая төг их мөнгө шүү хүмүүсээ сайн бодоорой
Зочин · 2020/04/09
Манай агуу ардчилагчдын үнэн нүүр царай нь энэ дээ Мөнгөтэй л бол чөтгөр ч байсан хамаагүй
Зочин · 2020/04/09
ene mukhur soliotoi bhaa
Зочин · 2020/04/09