Өмнөд Солонгосын эрх баригчид өөрийгөө тус­гаарлах журам зөрчигсдөд ца­хим бугуйвч албадан зүүлгэх арга хэмжээ авахаар болсноо бямба гарагт зарлав.

Шүүхийн шийдвэр шаарддаг ийм арга хэмжээг коронавирусийн халдвар ид тархсан үед БНХАУ хүртэл нэвтрүүлээгүй. Цахим бугуйвч зүүлгэх арга хэмжээ авахаар хэлэлцэж буй талаар тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт анх анхааруулсан. “Хүмүүсийн ихэнх нь хатуу сахиж буй хөл хорионы дэглэмийг зөрчигсөд байсаар байгаатай уялдан илүү үр дүнтэй арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа”-­г Өмнөд Солонгосын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Яамны Нийтийн эрүүл мэндийг бодлого хариуцсан захирал Юн Тэхо (Yoon Tae­Ho) хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан. Энэхүү арга хэмжээ нь карантин зөрчигсдийг гэмт хэрэгтэнтэй нэг түвшинд авч үзэхээр болж буй хэрэг юм. Коронавирус тархахаас сэргийлэн авч буй ийм эрс арга хэмжээг иргэд ихэвчлэн сөрөг байдлаар хүлээн авдаг. Европын Холбооны улсуудад хотын гудамжинд хүмүүсийн хөдөлгөөнийг дроноор хянаж буй явдлыг иргэд хувийн амьдралд нь хууль бусаар нэвтэрч буй явдал хэмээн үзэх нь нийтлэг байгаа юм. Өмнөд Солонгосын иргэд, зарим олон нийтийн байгуул­лагын дунд санал асуулга явуулсны үндсэнд цахим бугуйвч зүүлгэх шийдвэр гаргасныг тус улсын ерөнхий сайд Чон Се-­Гюн тайлбарлаж байна. Соёл, спорт, жуулчлалын яамны захиалгаар насанд хүрсэн 1000 хүний дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 80.2 хувь нь хөл хорионы дэглэм сахигсдыг хянахад цахим бугуйвч ашиглахыг дэмжжээ. Тус улсад гадаадаас орж ирэх иргэд хоёр долоо хоног өөрийгөө тусгаарлах журам мөрдөх ёстой. Хилээр орж ирж буй иргэдийн гар утсанд тусгай аппликэйшн суулгаж, оршин буй байрлал, эрүүл мэндийн байдлыг нь тогтмол шалгаж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар өөрийгөө тусгаарлах журам сахиж байгаа 54 мянган хүнээс 160 нь карантин зөрчжээ.

Үүнээс зургаан хүнд нь цагдаагийн газраас Өмнөд Солонгосын эрүүл мэндийн хууль зөрчсөн хэргээр хэрэг үүсгэсэн байна. Хөл хорионы дэглэм сахигсдын тоо ойрын өдрүүдэд 90 мянга хүрнэ хэмээн эрх баригчид тооцоолж байна. Тус улс цахим бугуйвч зүүлгэх арга хэмжээний зэрэгцээ өөрийгөө тусгаарлах дэглэм сахиж буй хүмүүс руу утасдах давтамжийг нэмэгдүүлэх, байгаа газарт нь гэнэтийн байдлаар очиж шалгах зэрэг арга хэмжээг мөн авахаар төлөвлөжээ. 

Өөрийгөө тусгаарласан иргэн зохих байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр гадагш гарах, мөн хяналтын утасны дуудлагад хариу өгөөгүй тохиолдолд дэглэм зөрчсөн гэж үзэн цахим бугуйвч зүүх арга хэмжээ авна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН