Н.Алтанхуягийн Засгийн газар урьд өмнө байгаагүй их өр тавьсан ч, төдий чинээгээр Монголчуудын амьдралыг доройтуулсан. Үүнийг Сангийн сайд Ч.Улаан баталсан.

 Тодруулбал “Эдийн засгийн хүндхэн сорилт тулгарсан нь үнэн. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн ачаалал бий. Мөн бидний үйл ажиллагаатай холбоотой дарамт ч байна. Нөгөө талаас өмнө нь явуулж байсан бодлогын үр дагавар, түүний сөрөг нөлөөлөл бүрэн арилаагүй байгаа. Улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. Ноднин 1.5 их наяд төгрөгөөр орлого тасалдсан. Энэ оны эхний улирлын байдлаас харахад орлого тасалдаж болзошгүй нөхцөл байдал бий болчихлоо. Цаашид орлогоо зөв ашиглаж, санхүүжилтээ оновчтой болгоход онцгой анхаарах нь чухал.”

Энэ нь нэгдүгээр улиралд  төлөвлсөн төсвийн орлого 20 орчим хувиар тасарсан гэсэн үг юм.

Тэгвэл өнөөдөр эдийн засаг хэрхэн хүндэрсэн бэ? Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг жилд тавьсан өр өнгөрөгч 21 жилийн өртэй тэнцэхүйц төвшинд хүрсэн. 1990-2011 оны хооронд нийт гадаад өр, зээл 2.2 тэрбум ам.доллартэй тэнцэж байсан бол зөвхөн 2012-2013 онд 2.1 тэрбум ам.доллар болжээ.

2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд шагшигдан тэргүүлж, 17.5 хувийн өсөлт гаргаж байсан улсын маань энэ үзүүлэлт 2013 онд 11.7 хувьд хүрч буурав. Өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурч, Монгол Улсын зээлжих зэрэглэл В+ байсныг В- болгож шатлал буурууллаа. 

Уг нь Ерөнхий сайд маань хэмнэлт хийж, төрийн албан хаагчийг цөөлсөн гэсэн. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байна.  Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сард 121600 төрийн албан хаагч байсныг Н.Алтанхуягийн Засгийн газар 167800 болгон нэмэгдүүлжээ. Төрийн өмчит компаниудад ажиллаж байсан 26900 хүнийг 49600 болгож нэмэгдүүлсэн байна. Нийлбэр дүнгээрээ төрд ажиллагсдын тоо 68900-аар нэмэгдсэн байх юм. Өмнөх Засгийн газрын үед яамдад 85 газар, хэлтсийн дарга ажиллаж байсан бол энэ Засгийн газрын үед 201 болгож нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, яамдын "хурган" дарга нарын тоо 116-гаар өссөн байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш яамдын тоог зургаа, мэргэжилтний тоог 982, газар, хэлтсийн дарга нарын орон тоог 116-аар ийнхүү нэмэгдүүлээд байна.

 

Өнгөрсөн жил төсвийн орлого Монгол улсын түүхэнд байгаагүйгээрээ тасарсан. Энэ жил дахин тасрах нь тодорхой байна.  Хэцүүдэх үе бүрт сэтгүүлчид дуугарч байсан.   Тухайлбал, өнгөрсөн жил улс чинь хэцүүдлээ гай бололгүй зай бол гэхэд Н.Батбаяр: “Битгий олон юм яриад бай. Та нар харж байгаарай.  Сайжирна. Жоохон хүлээ” хэмээн сэтгүүлчдийг загнаж байсан.   Загнасан хүн маань өнөөдөр ажлаа ч олигтой хийсэнгүй.

Арай илүү ёс зүйтэй байсан бол Ч.Улаан, Н.Батбаяр сайд өөрсдөө сайн дураараа ч огцрохоор нөхцөл байдал дахин  бүрдчихсэн байна.  Тэд өнөөдөр алдаагаа ухамсарлаж огцрохын оронд цөмөөрөө бүсээ чангална шүү гээд яриад явж байна.  Ичих булчихрай алга уу эсвэл иргэдийнхээ амьдрал доройтсонг үнэхээр анзаарахгүй байгаа юм болов уу? Өмнө нь АН, Н.Алтанхуяг нар тэднийг авч үлдсэн. Дахиж иргэдийнхээ амьдралыг туйлдуулмааргүй байгаа бол одоо тэднээс хариуцлага нэхэж, огцоруулаад чаддаг мэддэг хүнийг нь ажилуулмаар байна.

А.Баярмаа