Хаврын чуулганы нээлтийн үеэр МАН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, чуулганыг орхин гарсан. Тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Хүмүүс шударга ёсыг ус агаар адил хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон . . .

Монголчууд хөгшин залуугүй улам хэрсүү болж байна . . . Асуудалд бусдын зааснаар бус өөрийн үнэлэмжээрээ ханддаг болж байна. Үнэн шүүмжлэл, хатуу үг бол худал магтаалаас олон дахин тустай шүү . . ” гэх мэт үргэлжилсэн хурц үгс таалагдсангүй бололтой. Түүнчлэн чуулганы танхимд ширээнийхээ урд талаар "Эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч өө, цөөнхийн дуу хоолойг боймлох нь ардчиллын үлгэр жишээ юу" гэсэн лоозон хадаж, төв талбайд МАН-ын гишүүд жагсаал хийж, “ажил хаялаа”.

Дээрээс нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин Төрийн ордонд Ерөнхий сайдыг огцруулах тухай мэдээлэл хийсэн нь олныг гайхшруулаад амжсан.  Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад “Засгийн газарт дорвитой хийсэн ажил харагдахгүй байна. Олон нийтийн санал бодлыг сонсох 1111 тусгай утас ажлуулж эхэлсэн, Засгийн газар хагас сайн өдөр хуралддаг болсон, “Батаар”-ыг авахын төлөө хөөцөлдөж байгаа зэрэг хийгдэж байгаа, сайшаамаар ажил байгаа ч улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн том ажил  алга байна. Монгол Улсын эдийн засаг улам доройтож байна. Гадны хөрөнгө оруулалт зогсож байна. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байна” гэх мэт шүүмжилсэн байсан.

Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах хамгийн том шалтгаан бол  ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж нүүрсний салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, цаашид ажил хэрэг болгохоор ярилцсан. Гэтэл Ерөнхий сайд “Тэдний уулзалт бидэнд хамаагүй. Би өөрсдөө бодлогоо тодорхойлно” гэж хэлсэн нь ойлгомжгүй бөгөөд Монгол Улсын эдийн засагт ноцтой байдал үүсгэж болзошгүй аж. Тиймээс түүний хэлсэн эдгээр үгс Ерөнхий сайдын суудлаас буух гол үндэслэл аж. Дээрээс энэ байр суурь  зөвхөн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийнх биш харин МАН-ын шийдвэр юм.

Гэтэл хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийн тухай. Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөл. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах гээд эдийн засгийн ач холбогдол бүхий олон асуудлыг шийдэх учиртай байсан. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэлсэн үгэнд  "эмзэглэж" нөгөө л улс төрийн шоу хийх нь эдийн засагт ямар их хортойг МАН-ын эрхэм гишүүд мэдсэнгүй юу эсвэл тоосонгүй юу. Уг нь хаврын чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг нааштайгаар өөрчилж магадгүй гэх сураг хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлт бий болгоод байсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүдийн “ажил хаялт”, хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл үлдээгээгүй нь ойлгомжтой.
Улс төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид зугатаж, эдийн засгийн үзүүлэлтүүд унаж байгаа энэ үед төрийн ордонд болсон “хаврын синдром” эдийн засагт хуй салхи дэгдээчихлээ хэмээн хэлэх хүн олон байна. Эдийн засгийн үзүүлэлтийг харахад өмнөх оны тухайн үеийнхээс нэлээд буурсан хандлагын талаар эрхэм гишүүдээс тодруулахад “Энэ бүхэн бол улс төрийн шинжтэй цаг зуурын өөрчлөлт” гэж байсан. Гэтэл цаг зуурын гэх өөрчлөлт нь "урт настай" болчих шиг боллоо.

Үнэхээр л улс орныхоо эдийн засгийн төлөө “хэл нь загатнаж” хэрүүл тэмцэл хиймээр байсан юм бол талууд хаалттай хуралдаад, төрийн ордондоо асуудлаа шийдэх боломж бүрэн байсан. Юун төлөө ардчилсан засаглалтай орон билээ Монгол. Ил тод нээлттэй ярилцаад нэгнийгээ ойлгох боломж жирийн иргэнээсээ аваад эрхэм гишүүдэд бий. Ер нь ардчилсан засаглалтай орны ард иргэд нь тайван замаар жагсаал, цуглаан хийдэг болохоос улс төрийн нам нь төв тайлбайдаа гомдлоо тайлаад байдаггүй.
 

Э.Зоригт