Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа шалгаарай
2020/04/21
“Эрдэнэс Тавантолгой” компаниас 1072 хувьцаатай холбоотой асуудлаар долоо хоног бүрийн даваа гаригт нээлттэй мэдээлэл өгдөг. Энэ удаагийн ээлжит мэдээллийн цагаар удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар ярьсан юм.
Энэ сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь уурхайн кэмп дээр болохоор товлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг “COVID-19” халдвартай холбоотойгоор СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу цахимаар хийхээр болсон байна.
Нээлттэй хувьцаат компанийн асуудлыг хэлэлцэнэ
Хурлаар шийдвэрлэх чухал асуудлууд бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулж албажуулна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн компанийн 2019 оны санхүүгийн тайлан, дүрмийн шинэчилсэн найруулга, ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй авсан иргэд болон нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуй нэгжүүд тухайн хуралд санал өгөх эрхгүй.
Харин компанийн вэб сайт, цахим хуудсаар хурлын үйл ажиллагааг шууд дамжуулан үзэх боломжтой бөгөөд 18001072 утсаар дамжуулан асуулт асууж болох юм байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах шийдвэрийг албажуулснаар ирэх сарын 1-нээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газраар дамжуулан ногдол ашгийг олгох ажлыг эхлүүлэх юм байна. Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахын тулд хувьцааны дансаа нээлгэсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар 1850000 иргэн дансаа нээлгэсэн байна. Харин тэднээс 1.5 сая нь ашигладаг банкныхаа дансыг холбоогүй байгааг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр онцоллоо.
Тиймээс үлсдэн 700 мянган иргэн зөвшөөрөлтэй брокер диллерийн компаниудад хандаж хувьцааны дансаа нээлгэх, данс нээлгэсэн иргэд банкны дансаа баталгаажуулах шаардлагатай байна.
Банкны дансаа холбоогүй, баталгаажуулаагүй иргэд олон байгаа тул ногдол ашгийг тараахдаа “E barimt” аппликэйшнийг ашиглах боломж байгаа эсэхийг судлуулахаар компанийн зүгээс Сангийн яаманд хандсан байна. Ингэхэд боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд шийдлийг удахгүй хийх аж. Гэхдээ данс нээлгэсэн иргэд бүртгүүлсэн брокерийн компанидаа хандаж банкны дансаа давхар баталгаажуулах хэрэгтэйг зөвлөж байна.
“Хувьцааны тоо ширхэгээс хасагдсан байна” гэсэн гомдол иргэдээс их ирж байгаа аж.
Энэ маргааныг шийдвэрлэхэд иргэдийн хороо, дүүрэгтээ бичиж өгсөн өргөдлүүд гол баримт болох тул цуглуулах ажлыг Улаанбаатар болон орон нутагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд хийж байна.
Уурхайн ажил хэвийн үргэлжилж байна
Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай дээр ажилчдын жагсаал болж байгаа мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар тайлбарыг мөн өглөө. Тус компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой майнинг “компанийн туслан гүйцэтгэгч компани 10 ажилтнаа ажлаас нь халж, толгой компанийн есөн ажилтныг техник дээр нь ажиллуулахгүй гэсэн асуудлыг үүсгэжээ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэл эсэргүүцэх арга хэмжээг авч, засмал замаас уурхай хүртэл алхалт хийж жагсаж байгаа юм байна. Бусдаар уурхайн үйл ажиллагаа зогссон зүйл үгүй, ажил хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас болон компанийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Энэ бол хөдөлмөрийн харилцаанаас үүссэн асуудал. Уурхайн үйл ажиллагаа доголдож саатсан зүйл байхгүй. Харин үүнийг зарим улс төрчид, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн улс төрийн зорилгоор буруу тийш нь эргүүлж, худал мэдээлэл тараах асуудал гарч байна. Уул уурхай бол улс төр биш гэдгийг ойлгоосой. Эрдэнэс Тавантолгой компанийг хятадуудад зарчихлаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хардлага байж болох ч хардах эрхтэй гээд худал мэдээлэл тарааж гүтгэх нь хуулиар хориотой гэдгийг зориуд хэлмээр байна” гэв.
Тус компани өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 47.6 мянган тонн нүүрс олборлож, 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Он гарсаар 2.3 сая тонн нүүрс олборлож 2.1 сая тонн нүүрс экспортлоод байна.
Ачилт болон экспортын хэмжээ өмнөх долоо хоногийнхоос нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.