Д.Мөнхжаргал: Гандан орчмын гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгүй бүс болгоно
2020/04/21
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг хэрхэн өөрчлөх талаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал байр сууриа илэрхийлжээ.
Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгал, аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Тэгвэл Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг хэрхэн өөрчлөх талаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй. Энд өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, есөн метрээс өндөр барилга барих боломжгүй. Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нэлээд ажил хийгдэж байна.Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний буюу Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авахад 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Тийм учраас утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвхи санаачлага чухал гэдгийг хэлмээр байна” гэв.
Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 1300 гаруй айлын инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцны хороолол бий болох юм.