Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр гадаад дахь Монгол улсын дөрвөн иргэн халдвар авсан талаар мэдээллээ. Тодруулбал, 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19 вирус 213 улс оронд бүтгэгдэж, 2.8 сая хүн өвчилж, 187 мянган хүн нас барж, 790 гаруй хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 1.8 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 5849 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 68 мянга 602 болж, нас баралт 60-аар нэмэгдээд байна. Сovid-19 халдварын оргил үе эхэлснээс хойш хамгийн өндөр нас баралттай өдөр болжээ. Нийт өвчлөгсдийн 43-50 хувь нь хөнгөн балархай буюу шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Москва хотод сүүлийн хэд хоног өвчлөл бага зэрэг буурч байсан боловч дахин 3000 тохиолдлоор нэмэгдлээ. Мөн Новосибирск хотод өвчлөл нэмэгдсэн. Ер нь ОХУ-ын хотуудад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Энэ байдлыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас дүгнэхдээ нэгдүгээрт, хотод хүн амын бөөгнөрөл их байна. Хоёрдугаарт, гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг чанд сахихгүй, гадуур их явж байна. Гуравдугаарт, шинж тэмдэггүй хөнгөн балархай өвчилж байна. Дөрөвдүгээрт халдвараар хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр болж, нян тээгч болж байна.

Тийм учраас тавдугаар сард хатуу гэрийн хөл хориог үргэлжлүүлэх хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг саналыг хүргүүлжээ.

Мөн анагаах ухааны судалгааны байгууллагууд цар тахлын эсрэг эм үйлдвэрлэж, туршилт нь амжилттай болсон тул ирэх долоо хоногт худалдаанд гаргана гэдгийг тус улсын ЭМЯ мэдэгдэв.

БНХАУ-д нийт халдварын 12 тохиолдол бүртгэгдсэний 11 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Манай орны хувьд улсын хэмжээнд ажиглалтад 744 хүн байна. Шинээр 41 хүн ажиглалтад орж, 270 хүн тусгаарлалтаас гарчээ. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна. Тусгай 119 үнэ төлбөргүй дугаарт нийт 221 дуудлага ирж, амралтын газруудад хүмүүсийн бөөгнөрөл их байна гэдэг гомдол саналыг ирүүлсэн.

Швед, АНУ, Солонгос, Ирландаас Монгол Улсын дөрвөн иргэн холбогдож, коронавирусийн шинжилгээ эерэг гарсан ч биеийн байдал хэвийн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байна гэдгийг хэлсэн. Үүнээс гадна, амралтын газруудад иргэд олноороо цугларч, бөөгнөрөл үүсгэж байна гэсэн шүүмжлэл ЭМЯ-д иржээ.