Алтангэрэл судрын тухай лекцэнд сүсэгтэн олон хуран чууллаа
2014/04/06
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн тэргүүн, гавж Содномын Гантөмөр монголчуудын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл судрын тайлбар, учир шалтгааны тухай өгүүлэх лекцээ сүсэгтэн олондоо хүргэлээ
Алтангэрэл судрыг бурханы гүн ухаанд судрын аймгийн хаан гэж нэрлэдэг. Учир нь тус сударт бурханы шашны бүх сургаал номлол багтдаг. Тиймээс энэ судар байсан цагт бурханы шашин дэлгэрнэ. Харин алга болсон цагт бурханы шашин ч замхран арилна хэмээн үздэг байна. Манай улсад ч гэсэн энэ л судраас бурханы шашин түгэн дэлгэрсэн байдаг.
Бурханы шашныг даган дуурайж, шүтэх нь сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь буддын гүн ухаан, утга учрыг ойлгож, танин мэдэх нь чухал юм. Тиймээс энэ шашны үзэл санаа, утга учрыг тайлбарлах нь тус лекцийн зорилго байлаа.
Монголчууд бидний ярьдаг "Ханш нээх өдөр" энэ арга хэмжээг зохион байгуулсан нь цаанаа утга учиртай гэнэ. Ханш нээх өдрөөр хамаг амьтан ичээнээсээ гарч, анхны тэнгэрийн дуу, солонго татдаг. Иймээс энэ өдрийг сайн сайхан бүхний эхлэл ч гэж үздэг.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран 4 дүгээр сарын 5-ыг сонгон зохион байгуулсан энэхүү лекц сүсэгтэн олон хуран чуулсан, ариуслын өдөр болж өнгөрлөө.