Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесусыг шинэ коронавирусний цар тахлыг зохицуулж буйг нь харгалзан огцруулахыг уриалсан өргөх бичигт нэг сая гаруй хүн гарын үсэг зуржээ.

АНУ-д төвтэй “Change.org” цахим хуудсанд байршуулсан цахим өргөх бичигт өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гарын үсэг цуглуулсан бөгөөд уг ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-нд хаагджээ. “Халдвар тархсан нь Т.Гебрейесус коронавирусийг дутуу үнэлсэнтэй холбоотой. Тэрбээр ДЭМБ-ын тэргүүний албан тушаалд тохирохгүй.

 

Мөн ДЭМБ улс төрөөс ангид байх ёстой бөгөөд Т.Гебрейесус халдварын талаарх БНХАУ-ын мэдээлэлд нягтлахгүйгээр итгэсэн” гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ыг “Хятад төвтэй” үйл ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгдсэнийхээ дараа тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэн юм. 

"Цахим өргөх бичгээ НҮБ, ДЭМБ руу илгээнэ" гэж уг баримт бичгийг боловсруулагч мэдэгдсэн байна. Т.Гебрейесусын мэдээлснээр, ДЭМБ коронавирусний тархалтын эсрэг хурдан шуурхай, шийдэмгий ажилласан ажээ. 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг