Сайд эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа
2013/10/12
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүдийн болон НЭМГ-ын харьяа Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нартай уулзлаа. Тус уулзалтаар эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, шинэчлэлийн бодлогын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээллийг сонссон юм.
Үүний дараа салбарын сайд эмнэлгийн удирдлагуудад хандан, “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажилтнууддаа хэвшүүлж ажиллахыг захилаа.
Эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл, удирдлагын арга барил, ажилтан, албан хаагч, үйл ажиллаганы төлөвлөгөө, зохион байгуулалт гэсэн зургаан бүрэлдэхүүн хэсгийн хамруулсан “Эрүүл мэндийн байгууллагын хөгжил” хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллага бүр өөрийн онцлогт тохируулан боловсруулж, хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд сэтгэлд нийцсэн угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношилох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх тусламж үйлчилгээнийүүдийг багтаасан “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-г Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа юм.
Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд иргэдийн сэтгэлд хүрч үйлчлэхэд эрүүл мэндийн байгууллагын гадаад, дотоод орчны байдал, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хандлага, харилцааг өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хэвшүүлэхэд “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны харилцааны хэм хэмжээний удирдамж”-ийг боловсруулан, салбарын хэмжээнд хэлэлцүүлж эхлээд байгааг ч эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа.
Түүнчлэн тэрээр хүйтний улирал ирж буйтай холбогдуулан иргэдийг ханиад, томуугаас урьдчилан сэргийлж, вакцинд идэвхтэй хамруулах тал дээр анхаарч ажиллаарай гэдгийг ч сануулсан. Мөн уулзалтын үеэр Сайд “Эрүүл мэндийг дэмжигч сэтгүүлчдийн клуб”-ын гишүүдийн санал болгосны дагуу тус клубын үнэмлэхтэй гишүүдийг мэдээллээр хангаж, дэмжин ажиллахыг хэлсэн юм.
Улсын гуравдугаар төв эмнэлэг болон БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг 10 дугаар сарын 22-ны өдөр нээлттэй хаалганы өдрөө тус тус зохион байгуулах гэж буйгаа хурлын үеэр танилцууллаа.