БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэс засал хийлгэсэн гэх мэдээллийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа цуу яриа гэж үзэж байна.

Энэ тухай “Yonhap” агентлаг тус улсын өндөр албан тушаалын түшмэлийн мэдээллийг иш татан уламжилжээ.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний алхаа гишгээ өөрчлөгдсөнийг нотлох баримт болгон мэс засал хийлгэсэн гэх таамаг дэвшүүлсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, эдгээр цуурхал үнэн бодит байдалд нийцэхгүй гэж Сөүл үзэж байгаа аж. Тэрбээр ямар үндэслэлээр ийм дүгнэлт хийснийг тодорхой дурдаагүй байна.  

Дөрөвдүгээр сарын 11-нд Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг явуулснаас хойш албан ёсны үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээ тавдугаар сарын 1 хүртэл БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гараагүй юм. Харин БНАСАУ-ын удирдагч олны өмнө гарч ирсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ 20 хоногийн дараа мэдээлсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн баасан гарагт Сунчоны бордооны үйлдвэрийг нээх ёслолд оролцжээ. 

Ким Жөн Ун олон хоногийн турш олны өмнө харагдаагүйтэй холбогдуулан түүний биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал гарч эхэлсэн билээ. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг