Дорноговь архи үйлдвэрлэдэггүй аймаг болсноо зарлалаа
2014/04/07
Дорноговь энэ дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн архи үйлдвэрлэдэггүй аймаг болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ тухай тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг албан бичгээр мэдэгдлээ.
Дорноговь аймагт архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан “Дорнын говь” ХХК, “Бизнес шанд” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2013 оны 290 дүгээр тогтоол, 2014 оны 65 дугаар тогтоолоор тус тус цуцалж, цаашид Дорноговь аймагт шинээр архи үйлдвэрлэх зөвшөөрөл олгохгүй байхаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүсэлт илгээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилга үр дүнд хүрч аймгаараа, байгууллага, хамт олноороо, гэр бүлээрээ согтууруулах ундаанаас татгалзаж, архигүй сум, баг, хамт олон, гэр бүл болох хөдөлгөөн өрнөж байгаагийн нэг жишээ нь ийнхүү Дорноговь аймаг болж байна.