УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэнтэй холбогдуулан УИХ  дахь Ардчилсан намын  бүлэг  хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэсэн байна.   Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр бүлгийн   дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, ажлын албаны дарга С.Дэмчиг нар мэдээлэл хийлээ.  


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд төсвийн орлогыг сүүлийн жилүүдтэй харьцуулсан судалгааны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал   2009 онд 1 их наяд байсан төсвийн орлого 2012 онд 4,9 их наяд болж 2,5 дахин өссөн.  2012 оноос хойш 2014 оны төлөвлөсөн хэмжээ 2009 оныхтой харьцуулахад  3,6 дахин өссөн. Төсвийн хөрөнгө оруулалт 2009 онд 20 хувийг нь эзэлдэг байсан бол  2012 онд 34 хувь  болж өссөн. 2014 оны төсвийн төлөвлөгөөнд 28,8 хувийг эзэлсэн. 28,8  царцаагдсан төсвийн их наяд төгрөг хүлээгдэж байгаа.  ДНБ 2011-2012 онд 14 их наяд хүрсэн. 2014 онд  20 их наяд хүрэхээр төсөөлөлд хүрсэн.  Гадаад худалдаа 2009 онд 1 их наяд байсан бол  2012 онд 4 их наяд болж өссөн байна. Харин нүүрсний үнэ   дэлхийн зах зээл дээр  2009  онд 32 доллар байсан бол  2011 онд 130 доллар болсон . Харин  2014 онд  35 доллар болно гэсэн төсөөлөл байгааг тэрбээр хэлсэн юм. Үүнээс үзэхэд Монгол орон 2011 онд эдийн засгийн том тэлэлт рүү явж, хамгийн өндөр үнэтэй борлуулалт хийчихээд харамсалтай нь бүгдийг нь халамжинд зарцуулаад дууссан. Уул уурхайгаас хэт  хараат нөхцөл нь дэлхийн зах зээл дэх баялгийн үнийн бууралт эдийн засгийн хүндрэл бий болсон. Тиймээс өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны эхэнд Засгийн газар болоод Монголбанкыг сонсч хэд хэдэн чиглэлээр ажиллахыг үүрэг  болгосон тухайгаа тэрбээр онцоллоо. Нэн түрүүнд  Концессийн гэрээгээр хийх ажлуудыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. Тэр дундаа    БНХАУ, ОХУ , олон улсыг Ази Европтой холбосон транзит авто замын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх ёстой. Боомтын төмөр замын асуудал. Асгатын мөнгөний ордыг  ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх. Оюутолгойн хэлэлцлийг түргэвлэх зэргийг нэн даруй хийхийг үүрэг болгожээ. 

Түүнчлэн   Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар уул уурхайн сайдын мэдээллийг сонссон. Тэр дундаа геологи хайгуулын зөвшөөрлийг шинэчилж олгох,  хайгуултай холбоотой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийг  Засгийн газарт даалгажээ. Үүнээс гадна  БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, ялангуяа хил орчмын худалдааг дэмжих, визийн хөнгөлөлтийг яаралтай  шийдэхийг үүрэг болгосон  гэдгийг Ардчилсан намын бүлгийн дарга хэллээ. 

Төрөх  эмнэлэгүүдийг барих үүрэг өгөв

Сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр төрөлт нэмэгдэж, 2004 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт гарч буй аж. Тодруулбал, 2004 онд 40 орчим эх төрж байсан бол өнөө жил 80 мянгад хүрэх тооцоо бий  болохыг бүлгийн дарга танилцуулав. Тиймээс хүн ам хамгийн ихээр төвлөрч байгаа Улаанбаатар хотод төрөх эмнэлгийг шинээр барих, баригдаж дуусаагүй төрөх эмнэлгийн барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг өргөн барих үеэрээ тодорхой болгон оруулж ирэх даалгавар өгчээ.

Түүнчлэн эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор жижиг аж ахуйн нэгжүүд хамгийн их эрсдэл хүлээж байгаа тул Төрийн зээлийн даатгалын тухай хуулийн төсөл, Экспортын эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөл, Лизингийн төлбөрийн даатгалын тухай хуулийн төслийг Засгийн газрын төвшинд яаралтай боловсруулж, УИХ-дөргөн мэдүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Царцаасан хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн мэдээллийг сонсов

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь царцаасан хөрөнгө оруулалтын холбоотойгоор   УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм байна. Дээрх царцаасан хөрөнгө оруулалтын ажлуудыг хэд, хэдэн ангилж зайлшгүй энэ онд хийгдэх ёстойг нь 2014 оны төсвийн тодотголд хөрөнгийг суулгаж өгөх, зураг төсөл нь бэлэн болсон ч гүйцэтгэгч компани нь шалгараагүй ажлыг 2015 онд шилжүүлэх, ажил эхлээд зогсчихсон, барилга барьж байгаад компани нь олдохгүй болчихсон, гүйцэтгэл нь чанаргүй, стандартыг зөрчсөн, тэр байтугай мөнгийг нь аваад алга болсон компаниудын жагсаалтыг гаргах ёстой хэмээн үзсэн байна.   Нэг компани есөн газар барилга барихаар болж тендэрт шалгарсан ч барилгаа цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулаагүй, зарим ажил нь цалгардсан байгаа аж.  Түүнчлэн хариуцлагагүй компаниудыг өөгшүүлж ирсэн төсөвчдийн жагсаалтыг гаргах юм байна.  Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга  хэлэхдээ төсвийн хөрөнгө оруулалт авлигажсан эсэхийг аль нэг улс төрийн нам болоод УИХ тогтоохгүй. Аудитын байгууллага ч тогтоохгүй. Аудитын байгууллага харин энэ нь зөрчилтэй байна, энэ нь зөрчилгүй байна гэдгийг тодорхойлно. УИХ-аар дээрх царцаагдсан төсөвтэй холбоотой тогтоолын төсөл батлагдвал Засгийн газар өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад хариуцлага тооцох эсэх, зөв буруутай эсэхийг хуулийн байгууллагаар нягтлан шалгуулна. Түүнээс урьтаж УИХ энэ нь зөв,  буруу гэдэг шүүмжлэл хэлэх эрх байхгүй гэлээ. 

Мэдээллийн төгсгөлд Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор  бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл өгсөн юм. Хамтын тэтгэвэрийн тухай хууль батлагдсан тохиолдолд улсын төсөвт  200 тэрбум төгрөгийн ачаалал үүснэ гэсэн мэдээллийг МАН-ын бүлэг өгч байгаа. Энэ  нь ямар ч ор үндэслэлгүй тоо. Хуулийн төслийг өргөн барихад жилд 22,8 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал  бий болно гэдгийг бид тооцоолж байсан. 8694 хүн тэтгэвэр авдаг.  Үүнээс хэдэн хүн хамтын тэтгэвэрийг авах вэ гэвэл мөн өөр тоо гарна.   Тэгэхээр 200 тэрбум төгрөг  бол ямар ч тооцоололгүй тоо болохыг тэрбээр  мэдээллээ. 

Мэдээллийн дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл гэдэгт яг ямар ямар арга хэмжээ байгаа бол? 
-Тогтоолын төслийг Засгийн газарт өгсөн.  Тодорхой хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх шинээр барих үйлдвэрүүдийн жагсаалт тэнд бий.  Хоёрдугаарт Монголбанкнаас валютын ханшийг тогтвортой барих тухай асуудал байгаа.  

-Ам долларыг тодорхой нэг ханштай байлгая гэсэн нь эдийн засгийн нийгэмээ боомилж байгаа хэрэг юм биш үү?
-Монголбанк энэ долоо хоногт мэдээлэл хийж байр сууриа илэрхийлнэ. Валютын ханш өнөөдөр чөлөөтэй хэлбэлзэж байна. Бизнес эрхлэгчдэд эргэлзээ маш их төрүүлж байна. Хэрэв боломж байгаа бол тогтвортой байх чиглэл рүү үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаарлдлага байна.

-Давхар дээлтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх үү?
-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр нь Ардчилсан намын бүлэг дэмжиж байна. 

-МАН-аас  сайд нарыг санал өгөхөд оролцуулахгүй байх үндэслэлийг тавьж байна. Танай намын бүлэг ямар байр суурь илэрхийлэх  вэ?
-Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд  ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан  албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа гэх утгаар  заасан байдаг. УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран УИХ-ын  тухай хуульд  долдугаар зүйл 7.1.5 дахь хэсэгт өөрийн харьяалах байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд таслах эрхгүйгээр оролцоно гэж заасан. Хуулийн дагуу л бүх зүйл явна.  Хуулийг  хэн дуртай нь санаанаасаа зохиож ярьж болохгүй.