Улс төрийн янаглан шоглохуй
2020/05/10
М.Энхсайхан С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Ц.Сандуй, Б.Батзориг, Д.Гантулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Кёкүшюзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Н.Номтойбаяр...энэ жагсаалт цаашид ч үргэлжилнэ.
Энэ бол улс төрд хүч үзэх, сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхээ хасуулж, улстөрчийн карьертаа хар тамга даруулсан нөхөд. Тэд нэг талаараа улс төрийн янаглал дунд шоглуулж яваа иргэд. Цагтаа Монголын төрд мандаж, төрийн ажлыг төвхнүүлж асан тэд өдгөө эхнээсээ ял сонсож, УИХ-ын сонгуульд дэвших эрхгүй гэдгээ хуулийн хүрээнд зарлан тунхаглуулаад байна. Тэдэнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дараах заалтууд үйлчилж байгаа юм.
ГИШҮҮДИЙН “ЦААЗЫН ТАВЦАН”
Дээрх хар жагсаалтад багтсан иргэдийн олонх нь албан тушаал, бүрэн эрхтэй байхдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.7-д зааснаар эрхээ хасуулсан юм. Тодруулбал, "Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалт эрх бүхий олон хүнийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон юм. Харин дээрх заалтаас гадна УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” хэмээн заасан. Энэхүү зүйлчлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг энэ сарын 6-нд хаслаа. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хаслаа. Учир нь, тэрбээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад 2013 онд суллагдсан нь ийнхүү сонгуулийн улаан хивсэн дээр алхах эрхээ дахин хасуулахад хүрэв.
Харин өчигдөрхөн М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, 4.6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцохоор шийдвэрлэлээ. Ийнхүү сонгууль угтсан яллах дүгнэлт, прокурор, шүүхэд дуудаж, буруутган, хорьдог улс төрийн янаглан шоглох арга, ажиллагаа цаашид ч үргэлжлэх нь тун ч тодорхой боллоо.
ТОЙРОГ БОЛ ХАЛЗ ТУЛДАГ ӨШ ХОНЗОНГИЙН ТАЛБАР БИШ
Сонгуулийн нэр дэвших тойрог бол хэн нэгний өрсөлдөгчөөсөө өш авдаг, иргэд нь “Спартак”-ийн үзүүлбэр хүлээдэг талбар биш. Мөрийн хөтөлбөр, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, нийгэмд соёл, шинэчлэлийн өөрчлөлт авчирах хууль эрхзүйн хэм хэмжээ ярьж, хэн илүү алсын хараатай, ухаалаг, ёс зүйтэй байсан нь ялах ёстой шударга өрсөлдөөний зурхай байх ёстой. Гэтэл ирэх сонгуулийн өнгийг ажвал, Ц.Нямдорж гэх ахмадтай тулж, түүний дэвших тойрогт халз тулна, эсрэг нэрээ дэвшүүлнэ хэмээн хэнхэлзэж чадсан нь баатар болж харагдах юм шиг, шийртэй улстөрч хэмээгдэж оноо авах юм шиг ядмагхан тактикийг хэд хэдэн горилогч яриад эхэллээ. Тухайлбал, Ц.Нямдоржийн нэр дэвшсэн тойрогт Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан, Н.Номтойбаяр нар “Халз үзмээр байна, хэн нь дийлэхээ харъя” хэмээн омойтож явна. Мөн АН-ын уур амьсгал ширүүсэх тусам намын дарга С.Эрдэнийн нэрээ дэвшүүлэх тойрогт халз үзэгсэд олшрох нь ээ. Тухайлбал, ӨМӨЗО-ны консул асан Д.Мөнх-Эрдэнэ, “Хера холдинг”-ийн Х.Ганхуяг, АЗХ-ын Д.Чимэддондог нар С.Эрдэнийг УИХ-ын сонгуульд унагаахын тулд тойрогт нь өрсөлдөх бол Н.Алтанхуяг нарын дээдсүүд Ц.Элбэгдоржийн гар хөлийг “тасдана” хэмээн шодож байна. Ийнхүү өнөөгийн улс төрийн хөшигний ард хэн нь хэнийгээ няслах тухай яриа өдөр, шөнөгүй хөвөрч байна. Угтаа бол сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Үргэлжлэхдээ, эдийн засгийн хямралт орчинд үргэлжлэх тул тойрог горилогч та зангидсан гараа суллаж, хонзонт сэтгэлээ чөлөөлнө үү. Тэгээд бодлого ярь, хөгжил ярь, гарц, шийдэл дэлгэ. Ингэж байж УИХ-ын гишүүн болохоор зүтгэж буй туйлын зорилго чинь зөв харагдах учиртай.
УЛСТӨРЧДИЙН ХАЙРЫН УЛИРАЛ
Яг өдийд монголчууд улс төрчдийн хайр, тэдний гэнэн томоогүй занг гайхан биширдэг. Тэд тойрогт нь ахмад настан харагдвал хоёр хацраа өгч эрхэлнэ. Балчир хүүхэд харагдвал барьж авч тэнгэрт өргөөд, тоглож явсан машинд нь хээв нэг суугаад гудамж, талбай гурав тойрчихоод ирнэ дээ. Нус нь гоожиж, нулимсандаа халтартсан жаалууд харагдвал дунд нь орж зогсоод өөрөгдөнө, олон хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээжүүдэд “Би танай гэрийн гишүүн” хэмээн итгүүлж, илбэдэх гэж оролдоно. Айл бүхний хаалга татаж, энэ удаад л боломж олгочихвол алтан загас ч биелүүлэмгүй орд өргөө барьж, олон хүнийг ажилтай, орлоготой, орон сууцтай болгоё гэж уран гоё донгодно доо. Ингээд дөрвөн жил, найман жил ор сураггүй явсан төрийн төлөөллүүд нь гэнэт хайр зарлахыг сонгуулийн жилийн хаврын синдром гэж нэрлээд байгаа юм. Ийм синдром эхэлчихсэн байгаа төдийгүй, чамин ганган, өртөг өндөртэй, данагар цаастай, хоосон агуулгатай, гял цал сэтгүүл болон гэрт чинь ороод ирчихлээ. Ингэлээ гээд бухимдаад суух биш намтар түүх, өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьсан, хийсэн, санаачилсан ажил, хувь, хувьсгалд хамаарах намтрыг нь тодруулаад харчихад гэмгүй. Энэ бүхний эцэст дүнг нь хэрхэн тавих нь сонгогч таны дархан эрх ээ.
ЯНАГЛАН ШОГЛОЛ БА УЛС ТӨР ДЭХ БУТЛУУР МАШИН
Ийм бутлуур машин Монголын төрд их эртнээс ажилласаар иржээ. Үе үедээ мөр зэрэгцэж, бодлого, зорилгоо ярьж, зарим үед найрын ширээний ард, заримдаа намын мөрийн хөтөлбөрийн ард гар, ганзага нийлж явсан нөхөд энэ машинд хэн нэгнийгээ суулгаад хэсэг хугацаанд холын хол руу цөлчихдөг түүх олон байсаар ирсэн нь гунигтай. Энэ техникийн машинчаар сүүлийн хорин жилд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар ажилласан бөгөөд хэн эрх барьж буйгаас шалтгаалан бутлуур машин араа соёогоо хурцлан эргэлдсээр байжээ. Энэхүү техниктээ оймсоо гозойлгон байж, хууль хүчнийхнээр өргүүлж, тэврүүлж орсон хүн бол Н.Энхбаяр. Тэрбээр “Хаан заяа минь” хэмээн мандаж яваад, төрийн бутлуур машинд гэн сэрэггүй өргүүлээд орчихсон хүн. Одоо энэхүү машинд М.Энхсайхан суусан бөгөөд явах чиглэлийн команд нэгэнт өгөгдчихөөд байна. Дараагийн зорчигч нь хэн байхыг цаг хугацаа л харуулна.
Үндэсний шуудан сонин