БНСУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 27 тохиолдол илэрсний дийлэнх нь дотооддоо халдварласан бөгөөд нийт тохиолдлын тоо 10900-д хүрлээ, цар тахал дэгдсэнээс хойш 258 хүн нас барсан гэж тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт тавих төв мэдээлжээ.

Өмнө нь 256 хүн нас барсан гэж мэдээлж байв. Тавдугаар сарын 2-нд шилжих шөнө халдвар авснаа мэдээгүй 29 настай залуу Кёнги мужийн Ёнин хотоос Сөүлийн олон хүнтэй Итаевон дүүргийн хэд хэдэн клуб, баараар үйлчлүүлсний дараа халдварын шинэ голомт бий болсон юм. Шөнийн цэнгээний газруудад Бусан, Инчон хотоос зугаацахаар ирсэн хүмүүс түүнээс халдвар авсан байна. Клубүүдээр үйлчлүүлсэн 93 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн мэдээллээр, шинэ тохиолдлуудын 22 нь шинэ голомттой холбоотой бол тав нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Дотооддоо халдварласан тохиолдлуудын 12 нь Сөүлд, найм нь Кёнги мужид, үлдсэн нь бусад бүс нутагт илэрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 38 хүн эмнэлгээр гарснаар, эдгэрсэн хүний тоо 9670 болж нэмэгджээ. Одоогийн байдлаар 16330 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бөгөөд БНСУ-д нийтдээ 653 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна.

Эдгэрч, эмнэлгээс гарсных нь дараа биед нь вирус илэрсэн 393 тохиолдол бүртгэгдсэн байна. Ийм өвчтөнүүд халдвар тараадаггүй бөгөөд тэдний цусанд эсрэг биет байгаа болохыг тогтоожээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг