Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
2020/05/22
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин өмчилж буй газраа орон сууцаар сольж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд байрных нь түлхүүрийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр иргэд хохирох явдал цөөнгүй гарсан. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хотын удирдлагууд иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Орон сууцжуулах боломжтой бүх боломж хувилбаруудыг судалж , иргэдийг хохироохгүйгээр түргэн шуурхай орон сууцтай болгох ажлуудыг санаачилан хэрэгжүүлж байна. Өмчилж байгаа газраа зах зээл дээр бэлэн орон сууцаар солих боломжийг нээж өгснөөр иргэдийн талархалтай хандаж байгаа. Цаашид түрээслээд өмчлөх болон орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамрагдаж чадаагүй хохирсон иргэдийг эдгээр төслүүдэд хамруулах болно” хэмээв.
Орон сууцны түлхүүрээ гардан авсан өндөр настан О.Цагаан “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 26 жил амьдарсан. Өөрийн мэдлийн газраа 3 өрөө байраар сольж байгаад баярлаж байна.Олон жил орон сууцанд орох бодолтой явсан ч боломж бүрддэгүй байлаа. Өнөөдөр ингээд шинэ байрны түлхүүр гардаад сууж байхдаа гар минь чичирж баярын нулимс гарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүн ирж уулзаж байсан. Тэгээд л таг чиг болчихно. Хотын дарга газраа байраар сольж болох төсөл хэрэгжүүллээ гээд хотын албаныхан ирж уулзаад л төд удалгүй түлхүүрээ гардаад авчихлаа шүү дээ.Төрийн минь буян дэлгэрч байг ээ. Ингээд гэр хороолол руугаа түлхүү анхаараад орон сууцаар газрын солиод эхэлбэл агаар хөрсний бохирдол хурдан буурна. Баярлалаа та бүхэндээ “ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“НОСК” ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс