Манай эдийн засаг оны эхний дөрвөн сарын байдлаар  анх удаа 10.7 хувиар агшлаа. Энэ нь  иргэдийн амжиргаа, бизнест муугаар нөлөөлөх том цохилт болж буйг харуулж байна. Зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхий даяар л эдийн засгийн өсөлт нь хасах утгатай гарсан байдалтай байна.

Хаа хаанаа хэцүү байгаа нь илт. Манай улсын хувьд эхний улирал бизнесийн байгууллагуудад хүнд цохилт боллоо. Тэр дундаа тодорхой салбаруудад  маш хүчтэй уналтыг үзүүллээ. Тодруулбал, уул уурхай 30, тээвэр 30, худалдааны салбар арван  хувь тус тус уналаа. Энэ нь хөдөлмөрийн захаар дамжин өрхийн амьжиргаанд шууд утгаараа сөргөөр нөлөөлдөг. Үүгээрээ  I улирлын байдлаар улсын хэмжээнд өрхийн хэрэглээ өссөн ч ирэх улиралд хэрэглээ буурах болов уу гэсэн айдастай хүлээлт байгааг эдийн засгийн шинжээч онцолж байна. Түүнчлэн нэгэнт хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлсэн тул сэргэлт тийм ч хурдан ирэхгүй бололтой. Учир нь  ажилгүй болох нь нэг хормын асуудал боловч эргэн ажлын байр бий болоход хэдэн сар, жил шаарддаг аж. Тэгэхээр  хүлээлт их л сөрөг байхаар дүр зураг ажиглагдаж буй. Тиймээс цаашид дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд ямар нэгэн бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Харин Засгийн газраас үүнд чиглэсэн бодлогын арга хэмжээ авсангүй. Сонгуульд бүх анхаарлаа хандуулж байна. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч бас эерэг зүйлс байгаа эсэх. Мөн Монголбанк бодлогын хүүгээ бууруулаад  дөрвөн орчим сар болсон.  Нөхцөл байдалтай уялдан зээлийн хүү буурах боломжтой. Энэ асуудлаар зарим эдийн засагчдын байр суурийг  сонихрлоо.

 

Эдийн засагч Г.Ганзориг: Төлбөрийн тэнцэлдээ анхаарахгүй бол валютын ханшид том дарамт ирнэ

-Зээлийн хүү буурах нь үүссэн нөхцөл байдалд бага ч гэсэн  эерэг зүйл авчрах болов уу?

-Боломжтой. Үл ялиг хүү буурсан байсан. Оны эцэст шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9 байсан бол энэ оны IV  сарын байдлаар 16.6 хувь болсон байна. Гэхдээ оны эцэст зээлийн үлдэгдэл 18.4 их наяд төгрөг байсан бол мөн IV  сарын байдлаар 17.6 их наяд болон буурсан байна.

Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт энэ онд гурван хувиар буурчихлаа. Хэдий бодлогын хүү буурсан, зээлийн хүү ч түүнийг дагаад буурч байгаа ч, зээлийн хэмжээ хумигдаж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд мөнгө хангалттай сайн эргэлдэхгүй байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд ч сайнгүй жил болохоор харагдаж байна. Нэг талаас зээлийн эрэлт алга, нөгөө талаас банкууд ч зээл гаргах боломж нь бага байна. Тэгэхээр зээлийн хүү буурч байна гэдгийг том эерэг зүйл гэж харахгүй л байна.

 

- Та эрэлт бага байна гэж хэллээ. Гэхдээ нөгөө талд иргэд өмнөх зээлээ төлөөд бага хүүтэй зээлийг урт хугацаагаар авах сонирхол энэ үед их байна шүү дээ. Үүнийг банкууд анзаарч байгаа болов уу?

-Үүнийг эрэлт гэж хэлэхэд хэцүү. Энэхүү хуучин зээлээ хаагаад, шинэ зээл авах нь дахин бүтэцчилж буй хэрэг. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй үед л түгээмэл бий болдог үйл явц. Бас л  эерэг сайн зүйл гэж харахгүй л байна. Хамтдаа л хохирол багатай даван гарах гэсэн оролдлого.

 

- Ер нь тэгвэл цаашид дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд ямар бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Хамгийн түрүүнд мөнгөний бодлогоор дэмжих нь зайлшгүй. Үүнийг манайх хийж байгаа. Цаашид ч дэмжих орон зай байгаа, мөнгөний бодлогын уламжлалт бус арга руу орохыг ч үгүйсгэхгүй. Мөн сангийн яамнаас эдийн засгаа дэмжих бодлогоо танилцуулсан. Мөнгөний бодлоготой л адил дахиад ч дэмжих орон зай, хэрэгцээ байгаа. Эдгээр хоёр бодлоготой зэрэгцүүлэн төлбөрийн тэнцэлдээ анхаарахгүй бол болохгүй. Эс бөгөөс валютын урсгал огцом муудаж, ханшид том дарамт болох эрсдэлтэй байна. Үүндээ харин манайх анхаарал хандуулахгүй байна. Одоогийн байдлаар төлбөрийн тэнцэл сөрөг байгаа ч мөнгөний нийлүүлэлт хангалттай өсөхгүй байгаа үед асуудалгүй мэт харагдаж байна. Гэхдээ ирээдүйд мөнгөний болон сангийн бодлогын үр дүн эрчимтэй гараад эхэлбэл байдал өөр болно, буурч байгаа хүү эргээд өсөх шаардлагад хүрч мэднэ. Тэгэхээр таны хэлж байсан ганц эерэг зүйл маань ч үгүй болох эрсдэл үүснэ гэсэн үг.

 

Эдийн засагч Б.Дөлгөөн: хүүг бууруулах эх үүсвэр байхгүй байна

- Зээлийн хүү олон хүчин зүйлээс хамаарч тогтдог. Бодлогын хүү, хадгаламжийн хүү,  эрсдэл гээд цөөн хэдийг нэрлэж болно. Бодлогын хүү буулаа гээд дагаад буучихна гэж ойлгож болохгүй. Хадгаламжийн хүү гэхэд багадаа гурван сар, ихдээ таван жилээр хүртэл тогтоосон байгаа. Коронавирус-тай холбоотойгоор эдийн засагт тодорхойгүй байдал үүсч байна. Энэ нь хоёр нөлөөг үзүүлж байна. Нэгдүгээрт, эрсдэл өсвөл хүү нэмэгдэх хандлагатай гэтэл энэ вирустай холбоотой тодорхойгүй байдал нь эрсдэл нэмж байна гэж хүлээж авч байгаа учир хүү илүү тогтвортой байна. Хоёрдугаарт зах зээл дэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харахад нийлүүлэлт талаас  хүүг бууруулахаар эх үүсвэр байхгүй байна. Энэ үед буурна гэсэн хүлээлт тээвэл буруудна.

Нөгөөтэйгүүр, коронавирустай холбоотойгоор эрэлт буурч, худалдаа багассан. Жишээлбэл бараагаа татах, хадгалах гэхэд мөнгө хэрэгтэй. Гэтэл  өмнөх бараагаа зараагүй байдаг, улмаар дахиад л эргэлтийн мөнгө хэрэгтэй болно. Энэ бол зөвхөн худалдааны нэг дэлгүүр дээр биш, бас барилга, авто гээд олон салбарт тулгарч байгаа бодит байдал.

Ресторан үйлчилгээний газрууд хүртэл орлого буусантай холбоотойгоор хүндэрч байгаа. Энэ үед бизнесээ дэмжих тодорхой бодлого шаардлагатай. Бизнесээ дэмжиж байж ажлын байраа хадгалж үлдэнэ.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин