Зургийн тайлбар: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж

 

Бид өмнө нь Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид хахууль  өгсөн этгээд ял авсан талаар мэдээлж байсан билээ.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид хахууль өгсөн хүн ял авлаа

Тэгвэл энэ удаад Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид хахууль өгсөн өөр хүмүүс ял авсан талаарх мэдээлэл бидэнд олдлоо. Энэ удаад тэрбээр БНХАУ-ын иргэн З.В болон түүний орчуулагч М.О нараас удаа дараагийн үйлдлээр хахууль авчээ. Ингэхдээ тэрбээр хамтран ажиллагчийнхаа эхнэрийнх нь дансаар дамжуулан авсан байна.

Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэн З.В болон түүний орчуулагч М.О нар бүлэглэн өөртөө давуу байдал буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бээжин маркет” хүнсний дэлгүүрийн “Аж ахуйн нэгжийн үйлчилгээ эрхлэх гэрээг сунгуулах” ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан М.О-ийн “ХААН” банкны 5087...  дугаартай данснаас иргэн П.М-ын “ХААН” банкны 5033... тоот данс руу

  • 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.150.000 төгрөг шилжүүлсэн,
  • 2019 оны 04, 05 дугаар сарын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байрны гадна 1.000.000 төгрөг бэлнээр хахуульд өгсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр хахуулийн хэрэг болох нь нотлогдсон байна.

Тодруулбал,  гэрч Б.Мөнгөншагай  “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр М.Баасандорж дарга надад 8885-аар эхэлсэн утасны дугаар өгөөд “энэ хүнтэй уулзчихаад ир” гэж хэлж явуулсан. ...Тэнгис кино театрын хажууд байдаг МН тауэр дотор нөгөө хүнтэй уулзсан. Тэр хүн 45-50 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд ... “мэнд хүргээрэй, энийг өгчихөөрэй” гээд бэлэгний уут шиг эрээн өнгөтэй, гялгар уутан дотор хийсэн мөнгө өгсөн. Хэдэн төгрөг байсныг мэдээгүй. Би тэр мөнгийг машин дотор байлгаж байгаад М.Баасандорж даргатай уулзсан үедээ өгсөн чинь “...наанаа байлгаж бай” гэж хэлээд машины урд талын хайрцганд байлгаж байгаад дараа нь өөрөө авсан. М.Баасандорж даргад эхнэрийнхээ дансыг хэлэхэд тэрээр эхнэрийн дансыг ашиглаж 5-6 удаа хүнээс мөнгө төгрөг авч байсан санагдаж байна. М.Баасандорж манай эхнэрийн дансны дугаарыг цээжээр мэддэг болохоор “эхнэрийн чинь данс руу мөнгө орвол хэлээрэй” гэж хэлдэг байсан. Би мөнгө орохоор нь түүнд дансанд мөнгө орсон гэж мөнгөний хэмжээг хэлэхэд заримдаа бэлнээр аваад ир гэж хэлдэг. Би түүний хэлсний дагуу л хийдэг” гэж мэдүүлсэн байна.

 

Хахууль өгсөн З.В-гийн яллагдагчаар татагдахдаа ч хэргээ хүлээсэн байдаг.  “...Би М.Баасандорж гэдэг хүнд өөрийн ажилтан орчуулагч М.О ээр хэлмэрчлүүлж байгаад мөнгө өгснөө хүлээн зөвшөөрч байна. ...М.Баасандорж гэдэг хүн нь манай компаний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг шалгалтаар ирэх үедээ хурааж аваад дээр нь балаар хэрээс зурж, хурааж авсан. Шалгалт дууссаны дараа М.О т “зөвшөөрлөө авах талаар М.Баасандоржтой холбоо бариач” гэж хэлэхэд “мөнгө өгөхийг шаардсан тухай” надад хэлсэн. Ингээд бэлнээр 1 удаа, дансаар 1 удаа М.Баасандоржид өгсөн” гэж мэдүүлэгч өгч, хэргээ хүлээсэн.

Тиймээс БНХАУ-ын иргэн З.В болон түүний орчуулагч М.О нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцсон.  Улмаар БНХАУ-ын иргэн З.В-г Эрүүгийн хуулийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Түүний орчуулагч М.О-ийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.