Дур мэдэн ибупрофен эм хэрэглээд хорвоогоос халих шахжээ
2020/06/08
Тайландын Чонбури мужийн иргэн 25 настай Йотика Кевхам гэх бүсгүй шүдний өвчнөө дарахаар эмийн санд очжээ. Түүний хувьд өвчин намдаахаар ибупрофен эм авсан байна.
Өвчнөө хурдан намдана гэдэгт итгэж уусан эм нь түүнд асар их хохирол авчирал гэж бодсонгүй. Тэрбээр эхлээд нэг эм ууж, хэдэн цагийн дараа дахин нэгийг уужээ. Гэсэн хэдий ч улам дордов.
Удалгүй жинхэнэ хар дарсан зүүд эхлэв: Йотикагийн арьс халуу шатаж байгаа мэтээр халуун оргин өвдөж, цэврүүтэж, тууралт гарч, дотор нь гал түймэр шиг байв. Бүх бие нь шатаж буй мэт болгож буй өвдөлт нь тэсвэрлэхэд тун хэцүү болсон учир нөхрөөсөө тусламж хүсч эмнэлэгт хүргэгджээ. Түүний өвчний онош нь өвчин намдаах эмний хүчтэй харшлын урвал хэмээн эмч нар оношилжээ.
Ингэснээр Йотикаг эрчимт эмчилгээнд явуулсан бөгөөд тэнд хоёр долоо хоног эмчилгээнд оржээ. Эмч нарын ярьснаар охин азаар амьд үлджээ. Түүний биеийн байдлыг хянахын тулд энгийн тасагт дахин долоо хоног шилжүүлсний дараа тэрбээр гэртээ харих боломжтой болжээ.
"14 хоногийн турш эмчлүүлж, зовж шаналах нь надад эмчээс зөвлөгөө авалгүйгээр эм уух нь маш аюултай гэдгийг ойлгуулсан” гэж тэрбээр ярьсан байна.
АНУ-ын Хүнс, эмийн албаны мэдэгдсэнээр ибупрофен эмний харшлын урвалын шинж тэмдэгүүд нь нүүр хавагнах, астма ханиалга, арьсны улайлт, тууралт, цэврүү, цочрол зэргээр илэрдэг байна. Харин маш ховор тохиолдолд урвал маш хүндээр илэрдэг байна.