Амь нас нь аюулд орсон тохиолдолд л боох мэх ашиглах боломжийг цагдаа нарт олгосон дүрэм журмыг нэвтрүүлэх ёстой гэж АНУ-ын Хууль зүйн сайд, ерөнхий прокурор Уильям Барр үзэж байна.

“Бидэнд нарийн тодорхой стандартууд хэрэгтэй гэдэг дээр цагдаагийн газрууд нэгдмэл саналтай байгаа. Үүнийг боловсруулахад холбооны эрх баригчид чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк, Калифорни муж улс болон Миннеаполис зэрэг хэд хэдэн хотын төлөөлөгчид цагдаа нарыг боох мэх ашиглахыг хориглож байгаагаа илэрхийлжээ.

Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннеаполис хотод нас барсантай холбоотойгоор өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр АНУ-ын хэд хэдэн мужид эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, эвдэн сүйтгэх ажиллагаа, дээрэм тонуулын олон хэрэг гарчээ. Цагдаа нар Жорж Флойдыг баривчлахдаа боох мэх ашигласан юм. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг