Өнгөрсөн хоёр сар орчим хугацаанд Бээжин хотод коронавирусний дотоодын гаралтай халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд аюулгүй байдлын зэрэглэлийг бууруулж, тайвшрах хандлагатай байв.

Гэвч энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус хотод дотоодын гаралтай шинэ тохиолдлууд бүртгэгдэж, ард иргэдийн санааг зовоож эхэллээ.

            Тодруулбал, анх 11-ний өдөр хотын Сичөн дүүрэгт шинээр нэг тохиолдол, 12-ны өдрийн үдээс өмнө 2, үдээс хойш 4, нийт зургаан тохиолдол тус тус бүртгэгдэв.

Эхний буюу 11-ний өдрийн тохиолдол нь 52 настай эрэгтэй, Сичөн дүүрэгт амьдардаг аж. Тэрээр удаа дараа халуурсны улмаас энэ сарын 10-ны өдөр эмнэлэгт хандаж, онош нь батлагдсан. Өвчтөнд даарах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Тэрээр сүүлийн 14 хоногийн хугацаанд Бээжин хотоос гадагш гараагүй, гаднаас ирсэн хүнтэй уулзаагүй.

Хоёр, гуравдугаар тохиолдлууд болох 12-ны өдрийн үдээс өмнө онош нь батлагдсан хоёр хүн нь “Хятадын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн судалгааны газар”-т нэг дор ажилладаг хүмүүс юм байна. Мөн тэдний нэг нь сүүлийн 14 хоногийн дотор Шаньдун мужийн Чиндао хот руу тав хоногийн хугацаанд томилолтоор яваад ирсэн байжээ.

 Арван хоёрны үдээс хойш оношлогдсон 4 тохиолдол нь бүгд Фөнтай дүүрэгт байрладаг “Шиньфади” хүнсний барааны бөөний захтай ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс байгаа юм. Жишээлбэл, нэг нь тус зах руу өнгөрсөн сарын 30, энэ сарын 5,6-ны өдрүүдэд гурван удаа очиж худалдаа хийсэн. Нэг нь тус захад жолооч, ачаа ачигч, нэг нь худалдагч, нөгөө нь лангуу ажиллуулдаг хүмүүс байгаа аж.           

Улмаар 11-ний өдрөөс эхлэн Бээжин хотын холбогдох байгууллагаас дээрх өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийг бүрэн тусгаарлаж, ажиглалтад авч, дээрх тохиолдлуудын ойрын хугацаанд явсан маршрутын дагуу очиж байсан газрууд болон эмнэлгүүдийн халуун хэмжих тасгууд зэрэгт өндөр зэрэглэлийн хяналт тогтоогоод байна.

            Мөн 12-ны өдөр хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс тусгай баг гаргаж, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр зарж борлуулдаг зах, томоохон хэмжээний супермаркет шалгалтын ажиллагаа явуулжээ. Улмаар далайн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, гадаад орчны зэрэг 5424 ширхэг дээжийг цуглуулж, нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах явцад “Шиньфади” захаас авсан орчны 40 дээжид эерэг хариу гарчээ.  Мөн тус захын 1940 ажилтан сайн дураараа нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдсанаас 45 хүний хоолойн арчдасын шинжилгээ эерэг гарсан байна.

  Түүнээс гадна хотын Хайдень дүүргийн нэгэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний захаас авсан нэгэн иргэний шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Энэхүү хүн нь Шиньфади захын өвчтөнтэй харилцсан юм байна. Дээрх 46 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан байна. Улмаар Шиньфади захыг 13-ны өдрийн 3 цагаас эхлэн битүүмжилж, бүрэн хэмжээний ариутгал хийж байна.

            Бээжин хотын Боловсролын хорооноос 6-р сарын 15-ны өдрөөс эхлэн хичээллэхээр тогтоод байсан бага сургуулийн 1-3 дугаар ангийн хичээл сургууль дээрээ цуглаж хичээллэх хувиарыг түр хугацаанд зогсоов.

  Мөн хотын дуурийн театр, сүм зэрэг олон нийтийн байгууллагыг түр хугацаанд хаах шийдвэр гаргав.

Фөнтай дүүрэгт байрлах тус захын ойролцоох 11 хороололд хөл хорио тогтоож, 24 цагийн хяналт эргүүл гаргав. Мөн ойролцоох 3 бага сургууль, 6 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.  

 

А.Анхбаяр

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг