Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, Монгол Улсын аварга цолыг хураахаар боллоо
2020/06/17
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал мэдээлэл хийлээ.
"Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.17/ болж өндөрлөлөө.
Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.
Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.
Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй" гэв.
Зочин · 2020/06/18
gutalchin · 2020/06/17
Zochin · 2020/06/17
сонгуулийн бүх суртачилгааны самбар,танилцуулга зэргээ дахин боловсруулан бүтээгдэхүүн гаргах боломжтой цаасаар хийсэн нэр дэвшигч байна уу, тийм хүн байвал жинхэнэ эх орны төлөө, алсын хараатай хүн гэж үзэж болох юм,хэдхэн хоногийн дараа их хог болох цаасыг яах вэ