ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөхөө үгүйсгэсэнгүй. 

"Би өөрийнхөө хувьд одоогоор юу ч шийдээгүй байна. Үндсэн хуульд боломж гарч ирвэл би ийм боломжийг үгүйсгэхгүй. Юу болох нь вэ, харж л байя" гэж тэрбээр "Россия 1" телевизийн  "Орос. Кремль. Путин" кинонд зориулж өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

Үүний зэрэгцээ В.Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал зөв байсан гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. “Илэн далангүй хэлэхэд хэрэв ийм зүйл болохгүй бол [үндсэн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг батлах] хоёр жилийн дараа эрх мэдлийн бүх шатанд ажлаа хэвийн хийхийн оронд боломжит залгамжлагчийг хайж эхэлнэ. Би үүнийг туршлагаасаа мэдэж байна” гэж тэрбээр нэмж дурдсан байна.

ОХУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулахаар товлосныг В.Путин зургадугаар сарын эхээр мэдэгдсэн билээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 22-нд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх асуудлыг багтаасан байна. Хэрэв Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оросууд саналаа өгвөл В.Путин 2024 онд дахин зургаан жилийн хугацаатайгаар сонгогдохор өрсөлдөх боломжтой болно.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг