Улсын хэмжээнд 8450.5 мянган төл мал бойжиж байна
2014/04/10
2014 оны эхэнд 19,4 сая хээлтэгч тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80,0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо байна. Одоогийн байдлаар 21 аймаг,нийслэлээс авсан мэдээллээр 8475.5 мянган эх мал төллөж,8450.5 мянган төл мал бойжиж байгаа бөгөөд 22.6 мянган ботго, 53.6 мянган унага,170.9 мянган тугал, 4371.4 мянган хурга, 3820.0 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99,7 хувьтай байна.
Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.0 орчим саяаар нэмэгдлээ. Оны эхний нийт хээлтэгчийн 43.8 хувь төллөж, авбал зохих төлийн 54.5 хувийг хүлээн аваад байна.
Аймгуудаар нь авч үзвэл: Мал төллөлт Ховд 81.1 хувь, Баян-Өлгий 71.2 хувь Дундговь 57.8 Өвөрхангай 53.9 Говсүмбэр 53.6 хувь Увс 52.2 хувьтай бусад аймгуудад 50.0 хувь хүрэхгүй байна.
Малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 60.0 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж хэвийн гэж үзэхээр байна. Малын зүй бус хорогдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага байна. Хаваржилт хэвийн байна.
Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа боловч мөсний зузаан өмнөх долоо хоногийнхоос 5-45 см нимгэрч мөсөнд ан цав цууралт үүсч мөсний нягт багасан хэврэгшиж байна. Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Цаашид томоохон гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж мөсөн бүрхүүл задрах шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна