COVID-19: Бөөгийн ёслолд олноор цугласны улмаас Буриадын сууринд халдвар тархжээ
2020/06/29
Буриадын Тункинскийн аймагт зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, тэр дундаа Шулуты сууринд халдвар ар араасаа илрэх болсон тул мэргэжилтнүүд халдварын шинэ голомтыг тогтоох ажлыг яаравчлан хийсэн байна.
Ийнхүү шалгалт хийхэд олон нийтийн арга хэмжээг хориглосныг үл хайхран энэ сууринд зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд бөөгийн ёслол үйлдсэн байжээ. Энэ ёслолд 31 хүн оролцсон байна.
"Тункинскийн аймагт зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн COVID-19 вирусийн халдварын 23 тохиолдол илэрсэн. Эдгээр нь Торы болон Шулуты суурингуудын оршин суугчид байсан юм. Толы сууринд халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн бол хамгийн их нь Шулуты сууринд хамаарч байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бөөгийн ёслолд оролцсон гэдэг нь тогтоогдсон, тэд энэ ёслолын үеэр халдвар авсан байх магадлалтай" хэмээн Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Ийнхүү нэг сууринд халвар олноор тархсан тул Шулуты сууринд хөл хорио тогтоосон байна. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн ихэнхэд шинж тэмдэг бага илэрсэн, ердөө дөрвөн хүнийг Буриадын халдварт өвчний клиник эмнэлэгт хэвтүүлжээ.
Халдвар авсан болон бөөгийн ёслолд оролцсон хүмүүстэй хавьтагчдыг бүгдийг олж тогтоон, тэднийг тусгаарлан, эмчийн хяналтанд оруулжээ. Мөн халдвар тархах шалтгаан болсон ёслолыг зохион байгуулсан хүмүүсийг захиргааны хэрэг зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж нутгийн захиргаа мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Буриадад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 2857 бүртгэгдсэнээс 1957 нь эдгэрч, 19 хүн нас барсан юм. Одоо 881 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
shuud.mn