Ээжүүд хүүхдүүдийнхээ нүдэн дээр хийж болохгүй зүйл
2020/07/13
Хүүхдийн хувьд ээж гэдэг хамгийн үнэтэй, хайртай, чухал хүн нь байдаг. Ээж үргэлж хамгаалж, өрөвдөж, шийдвэр гаргахад нь тусалж, зөв дадалд сургаж байдаг. Хүүхдүүдэд ээж нь нэр хүндтэй, үлгэр дууриал үзүүлэх ёстой хүн нь юм. Тиймээс ээжүүд хүүхдүүдийнхээ сэтгэл санааг унагахгүйн тулд дэргэд нь дараах зүйлсийг хийж болохгүй.
1. Хүүхдэдээ дүрэм журам ярьчхаад өөрөө зөрчих
Хүүхдээ биеэ зөв авч явах дүрэм журамд сургаж байгаа бол өөрөө түүнийгээ зөрчиж болохгүй. Учир нь тэр ээж нь ингэж байгаа бол хэвийн л гэж бодно. Нэг дүрэм журмаа нэг л удаа зөрчсөн байсан ч хүүхэд танаас л дууриал авна. Тэгэхгүй бол та өөрийн үйлдлээрээ хэлсэн үгээ үнэгүйдүүлж байна гэсэн үг юм.
2. Аав руу нь буюу өөр хүмүүс рүү хүүхдийнхээ дэргэд хашхирах
Ээж хүүхдэдээ дуугаа өндөрсгөх муу, аливаа асуудалд эв зүйгээр ханд гэж хэлчихээд, араас нь аав руу хашхичин утаствал хүүхэд танд дургүй болно. Үүнээс гадна хүүхдийнхээ дэргэд үйлчилгээний ажилтнуудтай муудалцаж, төрөл төрөгсөд, найз нөхөд рүүгээ дуугаа өндөрсгөвөл хүүхэд бүдүүлэг байдлыг хэвийн үзэгдэл л гэж бодно. Учир нь түүнд үг биш, үйлдэл чухал.
3. Хүүхдийнхээ дэргэд бусад хүний тухай муугаар ярих
Заримдаа ээжүүд хүүхдүүдээ аав ээжийнхээ хэлсэн санамсар болгоомжгүй үгийг хэрхэн сайн тогтоодгийг дутуу үнэлдэг. Үүнээс болоод хүүхэд таны хэлсэн царай муутай, тэнэг найзынхаа тухай яриаг тэрхүү найзтайгаа уулзах үед дэлгэж, нүүр улалзуулж ч мэднэ. Хүүхэд энэ үг хүн гомдооно гэдгийг ухамсарлаагүй байдгаас гадна найз тань сонсвол хэнээс энэ үгийг сонссоныг шууд л мэдчихнэ.
4. Ааштай, сэтгэл гутралтай байдлаар биеэ авч явах
Ээж хэдий сэтгэл санаа хүнд гутруу байсан ч хүүхэд ээж рүүгээ л наалддаг. Гэхдээ ээжээсээ таагүй бүхнийг шингээн авч, дэлхий ертөнц хэтэрхий хатуу, шударга биш гэж ээж нь боддогийг амархан ухамсарладаг. Тиймээс хүүхдийнхээ сайн сайхны төлөө хэдий хүнд хэцүү ч сайхан бүхэнд итгэх итгэлийг нь үргэлж дэмжиж байх хэрэгтэй.
5. Хүүхдээ байнга хуурах
Гомдоохооргүй бяцхан хууралт нь хүүхдэд худал ярих нь хэвийн зүйл гэж итгэхэд хүргэнэ. Эхэндээ тэр эцэг эхээсээ нууцлагдмал болсноо дараа нь итгэхээ больж, тэгээд өөрөө байнга хуурч эхэлдэг. Тиймээс хүүхдэдээ үргэлж үнэнийг ярьж, гомдоох, айлгах юм хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хамгийн гол нь тэд танд итгэдэг байх нь чухал шүү дээ.
6. Өөрийг тань бусад хүн гомдоож, доромжилж байхыг хүлцэх
Хөндлөнгийн хүмүүс, төрөл төрөгсөд, нөхөр тань байна уу, хамаагүй, хүүхэд таныг хэн нэгэнд доромжлуулж, гутааж байгааг тэвчиж суухыг харах ёсгүй. Учир нь тэр цаашид ангийнхныхаа, найз нөхдийнхөө, хамт олон, хайртай хүнийхээ доромжлолыг тэвчдэг нэгэн болчихно.
7. Нөхөртэйгөө хүүхдээ шийтгэх асуудлаар маргах
Аав нь хүүхдээ буруу юм хийлээ гээд буланд зогсоосон байхад ээж нь 5 минутын дараа суллаж, хүүхдийн шийтгэл хэтэрхий хүнд хэмээн цаашид эрхлэхийг зөвшөөрвөл өрхийн тэргүүний нэр хүнд огцом унана.
Учир нь хүүхдийн нүдэнд аав хэтэрхий харгис хэрцгий нэгэн, ээж нь ямар ч алдааг уучилдаг эерэг аврагч мэт харагдана. Гэвч гэр бүлийг сайн, эсвэл муугийн туйл хэмээн хуваах нь утгагүй тул нөхөртэйгөө шийтгэлийн асуудлаар тохиролцож, хүүхдээ өмөөрөхгүй байхыг хүсье.
Зочин · 2020/07/13