“Анги гарвал нэгт” нөхдөөс С.Ганбаатарт тусламж

УИХ-ын гишүүн “салхи” хочит С.Ганбаатар Оюу толгой компанийг Гаагын олон улсын шүүхэд өгнө хэмээн сүржигнэсээр байгаа билээ. С.Ганбаатар шал буруу салхилж байгаа юм.

Учир нь Гаагын олон улсын шүүхэд аж ахуйн нэгжийн асуудлыг огт авч хэлэлцдэггүй. Цэрэг, дайны гэмт хэрэг – үй олноор нь аймаглан устгасан, үндэстэн дамнасан зэвсгийн наймааны буруутнуудыг шүүн хэлэлцэх нь Гаагын шүүхийн үндсэн ажил болой. Тийм болохоор С.Ганбаатар бүтэшгүй зүйлээр хөөцөлдөхийн оронд БХЯ-ны албан тушаалтнууд Хойд Солонгт байлдааны онгоцны мотор худалдахыг завдсан хэргийг баяртайгаар Гаагын шүүхэд өгвөөс ялах магадлал 100 хувь, “ардын баатар” болох боломж нь 200 хувь бөлгөө.

Ингээд баатар болох замд нь С.Ганбаатарт өчүүхэн ч атугай тус болоосой хэмээн үзэл санаа, анги гарвал нэгт нөхдөөс нь нэгэн ноцтой мэдээллийг хүргэе.

Хэрэг хэзээнээс ил болов?

2013 оны 2 сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ руу албан айлчлалаар явах үед хил дээр айлчлалын багт орсон генерал Т.Дашдэлэгийг саатуулжээ. Учир нь түүнийг хилээр гаргахыг хууль хяналтын байгууллагуудаас хориглосон байж таарав.

2012 оны 11 сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалтыг зохион байгуулах асуудлаар хойд солонгосын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо-той урьдчилан санал солилцох явцад хойд солонгосын тал “1.8 сая доллараа буцааж авъя” гэсэн шаардлага тавьсан юмсанж. Юун учиртай мөнгө болохыг лавлаж асуухад “Танай батлан хамгаалах яамны дарга нар бидэнд “Миг-21” сөнөөгч онгоцны моторыг худалдана гэж урьдчилгаа авчихаад таг болчихсон. Мөнгөө олж авмаар байна” гэсэн ажээ. Холбогдох байгууллагууд мэдээллийн мөрөөр орж сэжигтнүүдийг тогтооход эрхэм генералын нэр холбогдсон учир хилээр гарахыг нь хориглоод байсан нь тэр байж.

Т.Дашдэлэг хилээр гарч чадахгүй болонгуут яаралтай алхмууд хийж эхэлсэн нь нэгд, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарах хүсэлтээ 3 сарын 9-ний өдөр удирдлагадаа өгчээ. Дараа нь Т.Дашдэлэг хэд хоног сураггүй алга болж, хуулийнхан байцаалт авах гэсэн боловч холбогдож чадахгүйд хүрчээ. Сураггүй болсон өдрүүддээ тэрээр БХЯ-ны сайд асан болон дээд удирдлагад байсан хүмүүстэй нууц уулзалтууд хийж, зөвлөлдсөн гэсэн мэдээг “Өдрийн шуудан” зэрэг сонинууд гаргаж байлаа. Энэ талаар сүүлд тодруулна.

Т.Дашдэлэг хэрэгт яаж холбогдов?

Хойд солонгосчууд өмнө нь ч төлбөрөө буцаах талаар гомдол гаргаж байжээ. 2012 оны дундуур АТГ-аас энэ хэргийг шалгаж эхлэх үед Нийслэлийн прокурор асан Б.Бат-Орших хэргийг татаж, хэрэгсэхгүй болгосон аж. Хойд солонгосчууд намар ахин гомдол гаргаснаар хэргийг нарийвчлан шалгаж эхлэжээ. Шалгалтын явцад дараах зүйлс тодорсон байна.

Батлан хамгаалахын сайд асан Лу.Болдын санаачлага, идэвхтэй оролцооны ачаар монгол улс Оросын холбооны улсаас Миг-29 загварын байлдааны онгоцууд худалдаж авах болжээ. Шинэ онгоцтой болох сургаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлага хөдөлгөөнд орж, өмнө ашиглаж байсан Миг-21 онгоцуудаа “ашиглалтаас гарсан” гэж яаран акт үйлдүүлэв. Ингээд 20 гаруй хуучин онгоцуудыг хувааж, хятад руу төмрийн хаягдал ачуулах нэрээр 2010 оны 11 сард Налайх дүүрэгт байрладаг, төмөр хайлуулах “Металл опт”  гэж компаний хашаанд хүнд даацын машинаар ачиж авчран моторыг салгаж, их биеийг тайрч, жижиглэж эхэлжээ. “Металл опт” компанийн хөрөнгө оруулагчид нь хятадын иргэд гэх мэдээлэл тэр үест гарч байсан юм. Моторыг салгах, зөөх ажилд БХЯ-ны харъяа “Транссэргэлт” компаний ажилчдыг оролцуулсан байна. Энэ ажил чимээ шуугиангүй өнгөрч чадсангүй, Баянзүрх дүүргийн нэгэн айлын хашаанд цөөн онгоцны моторыг тусгайлж хадгалсан гэсэн мэдээлэл тархсан нь зарах, дахин ашиглах боломжтой моторуудыг ялгаж тавьсан хэрэг байх магадлал нэн өндөр юм.

Ажил ид ундарч байтал том бэрхшээл тулгарчээ. ОХУ-ын аюулаас хамгаалах албад манай БХЯ-ны удирдлагад хандан, БНМАУ-ын Зэвсэгт хүчин, ЗХУ-ын Зэвсэгт хүчний хооронд 1979 онд байгуулсан гэрээг сануулж, Хойд Солонгост байлдааны онгоцны мотор шилжүүлэх гэж байгааг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 1979 оны гэрээ ёсоор бол монгол улс, оросоос авсан байлдааны зэвсэг, техникийг ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй байх үүрэг хүлээсэн юмсанжээ.

Байлдааны онгоцуудыг задалж, төмрийг нь ашиглахад хүрвэл оросын мэргэжлийн байгууллагуудаас “зөвшөөрөл авах ёстойг” уг гэрээнд хатуу заасан байв. Бүр задлах явцад оросоос мэргэжлийн хүмүүс ирж, өөрсдөө задлахаар журамласан байсныг хожоо харсан генералууд үл тоосон байна.

2012 оны зун цагдаагийнхан иргэдээс авсан мэдээллийнхээ мөрөөр энэ хэргийг шалгаж эхлэсэн ч “Зэвсэглэл, техникийн бүртгэл, устгал улсын нууцад хамаардаг” гэсэн заалтаар халхлан ЗХЖШ-ынхан мөрдлөгийг Нийслэлийн прокурор асан Б.Бат-Очироор зогсоолгосон байж болох талаар дээр дурдсан.  Үүн дээр нэмээд ОХУ-ын аюулгүй албадаас сануулга өгсөн учраас МИГ-21 онгоцны моторуудыг БНАСАУ-д худалдах явц зогсчээ. Харин бараагаа хүлээж аваагүй хойдуул манай талд гомдлоо ахин дахин гаргаж эхлэсэн байна.

Гомдол гаргах болсон гол шалтгаан нь Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болон БХЯ-ны удирдах албан тушаалтнууд Хойд Солонгосоос орж ирсэн 1.8 сая долларыг буцааж өгч чадахгүй, тодорхойгүй хугацаагаар бариад байсанд оршино. Хэрвээ солонгосчуудын урьдчилгаанд өгсөн мөнгийг тэр дор нь буцаачихсан бол энэ хэргийг хэн ч мэдэхгүй өнгөрөх боломж бүрэн байжээ.

Саатуулагдсан генерал Т.Дашдэлэгийн хувьд энэ хэрэгт яаж холбогдсон гэхээр 2010 оны 2 дугаар сард Сөүлд болсон Ази, Номхон далайн орнуудын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нарын уулзалтанд оролцохоор томилолт авч яваад, уулзалтанд очилгүй Бээжинд үлдсэн байна. Хятадад үлдсэн учир нь Хойд Солонгосын Агаарын довтолгооноос хамгаалах албаны хүмүүстэй уулзаж, хуучин онгоцны мотор зарахаар тохиролцсонд байв. Манай генералуудын эмгэнэл нь өөрсдийгөө “их л нууц ажил хийлээ, том ашиг унагалаа” гэж хөөрч байсан нь эндүүрэл болсонд байгаа юм. Тэднийг хойд солонгосчуудтай юу яриад явааг Өмнөд Солонгосын тагнуулын алба нэгд нэгэнгүй мэдэж байсан бөгөөд мэдээллээ оросуудад дамжуулж, тэднээр уг наймааг зогсоолгосон юм.

Ямар ч байсан Т.Дашдэлэг их хэмжээний урьдчилгаа мөнгө авах болж, бизнесмен С.Нацагдорж, Ж.Бямбаноров нарын дансанд байршуулсан гэх мэдээлэл байна. Ж.Бямбаноров болбоос төртэй холбоотой наймаа арилжаанд байнга шахуу нэр нь дурдагдаж явдаг хүн. Энэ хүнийг Ардын намын талаас тавьсан бололтой юм. Харин С.Нацагдоржыг Батлан Хамгаалахын сайд асан Лу.Болд Ж.Бямбаноровын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар энэ ажилд татан оролцуулсан байх магадлал ажиглагдаж байна. Учир нь Лу.Болд энэ хүнтэй олон жил хамтран ажиллаж байсан юм. БНАСАУ-тай хийх гэж байсан байлдааны онгоцны моторын наймаанд С.Нацагдорж татгдан оролцсон гэдэг нь “Лу.Болд энэ хэрэгт холбоотой байж таараа” гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа билээ. Иргэд хардах эрхтэй, хэвлэл дэлгэх зориулалттай, хуулийнхан хардлагыг шалгаж мухарлах үүрэгтэй юм хойно яах билээ. Сэжигт өртөж байгаа албан тушаалтнууд ч гэсэн иргэдийн хардлагыг хүлээн авч, тайлах ёс зүйтэй байх учиртай. Цааш үргэлжлүүлье.

Товчхондоо бол дээр дурдагдсан хоёр хүн наймааны мөнгийг хүлээж авах бизнес бүлэг болов. Бизнес бүлгийн үүрэг зорилго нь улс төр, цэргийн өнгө аясгүй, зүгээр л нэг наймаа, бизнес болгож харагдуулахад оршиж байснаас гадна урьдчилж харсан өөр хувилбар байв. Энэ талаар сүүлд өгүүлнэ.

Хэвлэлийнхэн энэ хэргийн талаар үнэр авч, хөөцөлдсөөр АТГ-аас Т.Дашдэлэгийг байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулан байцаах үедээ Т.Дашдэлэгээс гадна 2 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлж байсан. Хэвлэлээр энэ 2 хүн хэн байж болох талаар янз бүрийн таамаг гарч байсныг уншигчид санаж байгаа байх.

Хэвлэлийнхэн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатар нараас гадна тус яамны санхүүгийн албаны дарга гэх нэгэн эмэгтэй, бас “Ургамал ЗМ” компанийг үүсгэн байгуулагч Ж.Бямбаноров нарыг нөгөө 2 хүн нь хэмээн бичиж байсан юм.

ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавыг хамгийн түрүүнд хардсан нь учир шалтгаантай. Т.Дашдэлэг 2005-2008 онуудад Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч байх үедээ Ц.Бямбажавт том тусласан, ЗХЖШ-ийн дарга болсныхоо дараа Ц.Бямбажав ч хариулах маягаар Т.Дашдэлэгийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болгосон гэсэн шууд холбох хардлага бий. Гэвч Ц.Бямбажав хэвлэлд ярилцлага өгч “Энэ хэрэгт би холбоогүй. БНАСАУ-д зэвсэг худалдсан хэрэг гарах үед би АНУ-д байсан. Тиймээс энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Хуулийн байгууллагаас намайг гадуур шалгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” хэмээн эрс няцааж байжээ. АТГ газар Ц.Бямбажавыг шалгаагүй, байцаагаагүй байж болох ч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Батлан хамгаалахын сайдад мэдэгдэлгүйгээр ийм осолтой наймааг хийх ямар ч боломжгүй юм. Нэг бол Т.Дашдэлэг гайхалтай цэвэр, уран ажиллаж удирдлагуудаа мэхлэсэн байна. Эсвэл удирдлага энэ хэрэгт оролцчихоод, хэргээс бултаж, холдох гэж ихэд хичээсэн байна. Алин болохыг тогтоох нь хууль хяналтынхны үүрэг. Гуравдахь хувилбар байхгүй.

Хэрэг яаж төгсөв?

Батлан хамгаалах яамны бүлгээс генерал Т.Дашдэлэгийг “сураггүй байх” хэд хоногийн хугацаанд нь төлбөр хүлээн авах ажиллагааг гардан гүйцэтгэсэн бизнесийн бүлгийнхэнтэй уулзуулж, “ хэргийг даагаад гарчих” гэж ятгуулсан байх магадлал бий. “Та хоёр бизнес эрхэлдэг хүмүүс учраас ашиг олох зорилгоор юуг ч худалдах гэсэн байж болно ш дээ. Хуулиар буруутгагдахгүй. Харин бид нар (генералууд болон БХЯ-ны удирдлагад байсан хүмүүс) худалдах гэсэн нь тогтоогдвол энэ хэрэг албан тушаалын хэрэг болж, сунжрээд, хүндрээд явчих гээд байна” гэж ятгасан байх боломжтойг үйл явдлын цаашдын өрнөл хэлж байна. Энэ бол зэвсгийн наймааг анхлан сэдэх үедээ боловсруулсан “бултах” хувилбар юм.

Мөнгө анхнаасаа БХЯ-ны бус бизнес эрхлэгчдийн дандсанд орсон байсан учир бизнес бүлгийнхэн ятгалгын дагуу мэдүүлэг өгч, хойд солонгосчуудын мөнгийг тоо ёсоор буцааж өгснөөр хэрэг “иргэний” байдлаар шийдэгдэж, одоо бүр хаагдах дээрээ тулжээ. Үр дүнд нь ёс зүйгүй албан тушаалтнууд хариуцлагаас мултарч, хэргээс сугарч үлдэх гэж байна.

Байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэргийг шалгах явцад нэг ноцтой асуудал илэрсэн ч дарагдсан нь хуучин онгоцны зарим чухал сэлбэгийг хойд солонгос руу урд хөршөөр дамжуулан илгээх замд сэлбэгүүд алга болсон явдал юм. Энэ нь хэзээ хаанаас гарч ирж, ямар уршиг тарихыг таашгүй. Байлдааны онгоцны сэлбэг Хойд Солонгост очсон байвал АНУ, Өмнөд Солонгос болон ОХУ, Японтой тогтоосон дипломат харилцаанд сэв сууж, харилцааг хүндрүүлэх нь дамжиггүй. Ийм хүндрэл гарах цаг тулгарвал уг хэрэгт оролцсон байж мэдэх хүн Гадаад харилцааг толгойлж байгаа нь асуудлыг улам хурцатгах бизээ.

Тийм учраас асуудал хурцтаагүй байгаа дээр Батлан хамгаалахын сайд асан, одоо Гадаад хэргийн сайдын хариуцлагатай албыг хашиж байгаа Лу.Болд эрхэмийг моторын наймааны хэрэгт холбоотой эсэхийг нягтлан шалгаж, холбоогүй нь тогтоогдвол нэр төрийг нь сэргээх замаар ирээдүйд бий болох эрсдлийг зайлуулах цаг болжээ.

УИХ-ын шудрага нь дэндсэн цор ганц гишүүн С.Ганбаатар таныг энэ сэжүүрээс атган хөөсөөр Монгол түмний баатар болох цагийг тэсэж ядан хүлээж байна.

 

Үйлс бүтэх болтугай!

                С.Ганбаатартай анги гарвал нэгт 73 нөхөд.

 

Эх сурвалж: http://zevsgiin-naimaa.wallinside.com/