ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх “Коронавир” эмийг гарган авлаа гэж “Р-Фарм” компани лхагва гарагт мэдээлжээ.

“Бид уг эмийг Ярославль хот дахь үйлдвэртээ үйлдвэрлэж, шошголсон. Одоогийн байдлаар 7373 боодол эмийг нийлүүлээд байна” гэж “Р-Фарм” компанийн мэдэгдэлд дурдсан байна. “Коронавир” нь “SARS-CoV-2” вирусээр халдварласнаас үүдэлтэй хүндрэлүүдтэй бус вирустэй шууд тэмцдэг дэлхий анхны эмүүдийн нэг юм гэдгийг компанийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ.

“Р-Фарм” компанийн мэдээлснээр, “Коронавир” вирусний үржих явцыг үр дүнтэй зогсоож буйг эмнэлзүйн туршилтаар тогтоосон ажээ.

“Манай компани эмээ дижитал кодтойгоор гаргасан бөгөөд боодол бүрийн үйлдвэрлэлээс эмнэлэг хүртэлх хөдөлгөөнийг хянах боломжтой юм. Эмийг жинхэнэ эсэхийг “Честный Знак” гар утасны хавстралтаар шалгаж болно” гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Эм, эмийн бүтээгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Р-Фарм” групп нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-аас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, АНУ, Герман, Япон зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг юм. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг