ОХУ-ын Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний хүрээлэнд явуулж буй коронавирусний вакцины сүүлийн буюу гуравдугаар үе шатны туршилт бусад улс орныхоос өмнө дуусаж магадгүй байна гэж тус улсын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдээлжээ.

“Энэ бол вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн чухал үе шат юм. ОХУ энэ үе шатыг бусад улс орноос хурдан хугацаанд амжилттай явуулна гэж бид үзэж байна” гэж К.Дмитриев “Россия-1” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Мөн тэрбээр гуравдугаар үе шатанд илүү олон хүнийг хамруулна гэдгийг онцлон хэлээд, уг туршилтад Москва хотод олон мянган хүнийг оролцуулахаас гадна бид гадаадын орнуудад туршилтаа эхлүүлнэ гэж мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, вакцины хоёрдугаар үе шатны туршилт ирэх наймдугаар сарын 3-нд дуусах бөгөөд вакциныг хэрэглэх албан ёсны зөвшөөрлийг 8-9 дүгээр сард авах төлөвтэй байгаа ажээ. Шууд хөрөнгө оруулалтын сангийн урьдчилан тооцоолж буйгаар, ОХУ-д 2020 онд 30 сая тун вакциныг үйлдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 50 саяыг ч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Түүнчлэн ОХУ-ын иргэдийг 2021 оны эхээр вакцинжуулж дуусна хэмээн тооцоолж байгаа ажээ.

БНХАУ-ын эрх баригчид төв нутгийн Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ 2019 оны 12 дугаар сарын сүүлээр мэдээлсэн юм. Түүнээс хойш “COVID-19” хэмээн нэрлэсэн шинэ коронавирусний халдвар дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдээд байна.

 

ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавирусний тархалт цар тахлын хэмжээнд хүрснийг олон нийтэд мэдээлсэн юм. Сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 13717900 хүн халдвар авснаас 8172000 хүн эдгэрсэн бол 587 мянга гаруй хүн нас барсан байна. ОХУ-ын хувьд халдварын 752797 тохиолдол бүртгэгдэж, 531692 хүн эдгэрч, 11397 хүн нас баржээ. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг