Он гарсаар өнөөдрийн байдлаар 14 аймгийн 48 суманд 66 удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймэр 10 дахин өсөөд байгаа юм. 2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн нилээд дулаарч, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах гол шалтгаан болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газарас онцгойлон анхааруулж байна.  Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ч дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. Тиймээс хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, Ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших хэрэгтэйг анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн түймэр 3 аймгийн 8 сумын нутагт гарсан. Үүнд: Онцгой байдлын албаны 89 албан хаагч, 10 автомашин, орон нутгийн 582 иргэн, 63 автомашин, нийт 671 хүн, 73 автомашинтайгаар түймрийг унтраах ажиллагаанд оролцсон.    Үүнд:

          Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ “Бооны-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарсан. /2014.04.13/. Уг түймэр нь мөн аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн зэрэг 3 сумын нутагт тархсан.

        Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Баян-Уул Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр, Хэрлэн сумдын иргэд нийт 447 хүн, 45 автомашинтайгаар ажиллаж, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо сумын түймрийг унтрааж, Баяндун сумын түймрийг цурманд оруулсан. Одоогоор хохирлын мэдээ гараагүй байна. 

       Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ “Ар тээл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.12/ аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 86 хүн ажиллаж түймрийг унтраасан.

 

       Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ “Тэнхлэгийн-Ус” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.13/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг унтраасан.

       Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг /сумын төвөөс баруун хойд зүгт 75 км-т/ “Элэгний нүүрстэйн дэв” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.13/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг унтраасан.

        Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багийн нутаг /сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ “Булгийн хоёр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.13/ сумын 45 иргэн ажиллаж, түймрийг унтраасан байна.