Монголын ирээдүйн спорт яаж хөгжвөл зохих вэ?
2020/07/21
УИХ, шинэ Засгийн газраас 2020-2024 онд ажиллах БТС-ын байгууллагын бүтцийг Ерөнхий сайдын шууд удирдлага дор тохируулагч агентлагийн эрхтэй, БТС-ын улсын хороо (БТСУХ) нэртэй байхаар бүтцийг батлаж, өмнөх эрх, статусыг нь нэмж өгсөн нь тун зөв шийдвэр болсон.
Харин энэхүү агентлагийг хэрхэн ажиллуулах, хэн удирдахаас ирэх дөрвөн жилийн Монголын БТС-ын салбарын ажил, амьдрал, үйл ажиллагаа ихээхэн шалтгаалах болоод байна. Иймээс өөрийн үзэл бодлоо хэлье. Өнгөрсөн дөрвөн жилд БТС-ын ажил тодорхой үр дүнд хүрээгүй, амиа хоохойлсон хэлбэртэй, өдөр тутмынхаа ажилтайгаа зууралдсаар хугацаагаа дуусган олон нийтийн итгэлийг төдийлөн биелүүлсэнгүй.
Боловсролын яамны удирдлага дор БТС-ын ажлыг сайжруулах, ЕБС болон ИДС-ийн биеийн тамирын хичээл, багш нарын тулгамдсан асуудал, ажиллах нөхцлийг дээшлүүлэх, хэрэглэл материалаар хангах зэргээр яамны хүч бололцоо, нөөцийг дайчлан ажиллаж чадсангүй. Ядахдаа СТО-нд арав гаруй жил спортын холбоодтой шахалдан, байраа булаалдан, буй “хүүхдийн спортын төв сургууль"-иа өөрийн хичээлийн байртай болгон тусад нь гаргасангүй. Эдгээр ажлыг хийн гүйцэтгэх, бэлтгэгдсэн, чадварлаг, сэтгэлгээтэй, төрийн ажлынтуршлагатай хүмүүс дээрх байгууллагад байгаагүйтэй холбоотой.
Сүүлийн жилд нэр хүндтэй, сайн тамирчин хүмүүсийг спортын төв байгууллагын удирдлагад томилох болсон. Сайн тамирчид нь шилдэг удирдагч нар байж чадсангүй. Мэдээж төрийн ажлын туршлага, мэдлэг чадвар дутаж байна. Ядахдаа тэд дасгалжуулагч хийн, спортын клуб, спортын холбоондоо ажиллах, төрийн байгууллагын ажлын дөртэй байсангүй. Иймээс шинэ байгууллагын бүтцийг анхнаас нь зөв хийх, сайн менежерийг сонгон, томилох хэрэгтэй байна. Менежер нь төрийн байгууллагын удирдлагад ажилласан, төрийн албаны мерит зарчмаар шат, шатны албан тушаалд дэвшин, бэлтгэгдсэн хүн байх хэрэгтэй. Спортын ажилнь олон улсын харилцаан дээр явагддаг тул хоёроос дээш орны гадаад хэл мэддэг байвал сайн. Түүнчлэн системийн байгууллага дотроо ажиллан, олонд танигдсан байх, спортын холбоо болон олон улсын спортын байгууллагад сонгуульт ажилтай, гадаад орнуудын БТС-ын төрийн байгууллагын удирдлагуудтай танил, хэлхээ холбоотой байж, Монголын спортын ажил нь гадаад орчинд дэмжигдэн явна. Мөн хувь хүний талаасаа бэлтгэгдсэн, бичиг хэргийн чадвар сайтай, зорилготой, сэтгэлтэй, хүсэлтэй хүнийг сонгох нь зүйтэй. “БТС-ын ажил бүх нийтийн үйлс” гэж ярьдаг. Тиймээс Ерөнхий сайд өөрийн дэргэдээ спортыг авч.БТС-ын ажлын салбар дундын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хоорондын уяалдаа холбоог урьдах бүтцийн байгууллагаасаа илүүтэй ханган ажиллаж, үйл ажиллагаа явуулах болов уу гэж мэргэжлийн хүмүүс бид харж байна. БТСУХ-ны бүтцийг зөв хийх, механизмаа тогтоох, менежментийн багийг сонгон томилох, энэ салбарын, мэргэжлийн, шилдэг, чадварлаг багийг бүрдүүлж, туршлагатай боловсон хүчнийг урьж ажиллуулвал 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тавигдсан зорилтууд хэрэгжин, тулгарч буй олон асуудлыг хялбар шийдэх, БТС-ын салбарт өөрчлөлт шинэчлэлт гаргахад энэхүү бүтэц тус дэм болж чадна. БТС-ын салбарт хийх ажил их байна. БТС-ийн салбарын нэн тэргүүний ажил бол нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх явдал юм.
БТС-ын хөгжлөөс “Монгол үндэстэний эрүүл мэнд” хамаарна. Харин эмнэлгээс өвчтөний эрүүл мэнд хамаардаг байх. Иймээс иргэдийг эрүүл чийрэг байлгах, олон төрлийн бүтээгдэхүүн, бие махбодийг нь хатуужуулан ирээдүйн амьдралд нь бэлтгэх, хөдөлгөөний хомсдолыг бууруулах, өвчин тусахгүй чанартай иргэдийг бэлтгэхэд спортын үүрэг нэн чухал байдаг. Ямарваа нэгэн медаль хүртэх асуудал энэ салбарын тэргүүлэх зорилт биш. Үүний тулд одоогийн мөрдөгдөж байгаа “Хүн амын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил”-ийг дүгнэн, өөрчлөж, 1990 оноос өмнө хэрэгжиж байсан “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн" тэмдэгийн нормативийг сэргээх, гадаадын туршлагыг судалж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ норматив нь спортод суурилсан үзүүлэлтээр гардаг тул олон давуу талтай. Сорилыг биелүүлэн, хүн бүр тухайн насныхаа бие бялдрын үзүүлэлтээ мэдэх, хангах, хянах бололцоотой. Улмаар нийт иргэдийг олноор нь БТС-оор тогтмол хичээллүүлэх нөхцлийг бүрдүүлэн, сонирхлыг нь дээшлүүлэх, тоог нь нэмэгдүүлнэ.
Сүүлийн үеэд хүүхэд залуучуудын дунд эрчимтэй нэмэгдэж байгаа таргалалтыг хязгаарлах, улмаар багасгах боломжтой. Энэ ажлыг БТСУХ нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, хэрэгжүүлэн зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг нь тооцож шалгуурын дагуу жилд хоёр удаа бүх хүнээс авч, өсвөр хойч үеэ багаас нь эрүүл чийрэг, илүүдэл жингүй, гоо сайхан, спортоор дамжуулан зөв хүмүүжилтэй болох нөхцлийг бүрдүүлнэ.
Цаашид төв, орон нутгийн БТС-ын байгууллагуудыг бэхжүүлэх, удирдлагаар хангах, спортыг бүсчлэн хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөр, бодлого гаргах, олимпийн хороо, спортын холбоодыг төсөл, хөтөлбөрөөр дамжуулан дэмжих, дутагдаж байгаа дасгалжуулагч багш, боловсон хүчин, материаллаг бааз, спортын хувцас, хэрэгслээр хангах шаардлагатай болсон. Энэ салбарт олон улсын стандартад нийцсэн хууль, эрх зүйн баримт, бичиг, материал ус агаар шиг хэрэгцээтэй шийдвэрээ хүлээсээр байгаа тул боловсруулан батлуулах, мөрдүүлэх хэрэгтэй юм. Мөн гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэн хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал. Өөрсдийн үндэсний өв уламжлалтай спортын зарим төрлөө гадаад орнуудад сурталчлан дэлгэрүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Бүх ЕБС болон ИДС-ийн биеийн тамирийн хичээл, секцийн сургалтын нөхцлийг сайжруулах, цагийг нэмэгдүүлэх боломж бий. Спортын дасгалжуулагч бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, зарим мэргэжлээр гадаадад сургах нь зүйтэй ба энэ чиглэлд туслах орнууд байна. Спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, спортын бүтээлийг хэвлүүлэх, спортын мэдээ, мэдээллийг түгээх, салбарын бүртгэл, судалгаа, статистикийн хөтлөлтийг сайжруулах ажлыг хийх нь чухал байна. Бусад аж ахуйн нэгж, байгууллагад БТС-ын чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд үзүүлэх хэрэгтэй. Спортын болон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн, наадмыг үе шаттай зохион байгуулж олныг хамруулах нь чухал. Мөн зөвхөн гаалийн татвараас бус НӨТ-гүй зохих хугацаанд нэвтрүүлэх шийдвэр гарвал бүх төрлийн спортын хэрэглэл, материал, тоног төхөөрөмжийн хангамж сайжирна. Салбарын ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, дасгалжуулагч, БТС-ын салбарын ажилтны цалин хөлсний талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, “Спортыг дэмжих сан”-г нээлттэй ажиллуулан төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх нь шаардлагатай байгаа юм.
Олимпын наадам, тив, ДАШТ-д тамирчдыг бэлтгэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг авч, спортын төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарах, их спортын амжилтаа ахиулах чиглэлээр тусгайлан ажилпаж энэ асуудлыг хариуцсан спортын сургалт, эрдэм шинжилгээ, анагаах ухааны төвийг одоогийн БТСГ-ын суурь дээр зохион байгуулж, тохируулагч агентлагийн удирдлага дор ажиллуулж, спортын хүрээлэн, анагаах ухааны бүтцийг өргөтгөх, үндэсний шигшээ багийг хариуцуулах, тэмцээн, наадам зохион байгуулах, СТО-ны аж ахуйн чиглэлийн ажлыг хамруулан ажиллуулвал зохистой. Ийнхүү өдөр тутмын ажлыг хариуцсан бүтцийг ажиллуулж байж, агентлаг нь бодлогын ажлаа хийх бололцоотой болно. Үндэсний шигшээ багийн тамирчдын хичээллэх орчинг сайжруулан, олон улсын жишгээр спортын нэгдсэн бэлтгэлийн төвийг байгуулах цаг нь болсон. Энэ төв дээр олон хоногийн бэлтгэл цугларалтанд гарах, спортын төрөл тус бүр дээр шинжлэх ухаанч, спортын анагаах ухааны үндэслэлтэй сургалтыг явуулах, тамирчдын техник, тактикийг сайжруулах, үйл ажиллагааг тогтмол хянах, судалгаа, мониторинг хийж болно. Мөн шилдэг тамирчдын залгамж халааг эртнээс сонгон бүрдүүлж байх, тэдний орон зайг нөхөх үүднээс үлдсэн аймаг, дүүрэгт хүүхдийн спортын сургуулийг нэмж байгуулах, спортын клуб болон бусад бүх төрлийн спортын секцийн сургалтыг дэмжин сайжруулж, өндөр зэрэглэлтэй тамирчдыг дэс дараалалтай бэлтгэх арга зүй, технологийг өөрчлөн боловсруулах, судалгааны үр дүнг үндэслэн ажиллуулах, спортын нэгдсэн сургалтын стандарыг боловсруулан хэрэгжүүлэх, өөрийн орны хэмжээний болон Монгол Улсад зохиогдох олон улсын тэмцээнүүдийг хэлбэрийг өөрчлөн, ашигтай зохион байгуулж, үр өгөөжийг нэмэгдүүлснээр манай улсын спортын амжилт ахин дээшлэх юм.Эдгээр ажлыг цогцоор нь шийдэн, хэрэгжүүлж чадвал Монголын тамирчдын 2024 ба 2028 оны наадамд олимпын наадамд үзүүлэх амжилт өсөн, тогтворжих нөхцөл бүрдэнэ. Хэрэв чадахгүй бол их спортын амжилт нь өсөлтгүй болж, уналт, сэргэлт хослон тогтворгүй байх төлөв ажиглагдаж байна.
Гавьяат дасгалжуулагч, доктор Д.ЖАРГАЛСАЙХАН