Нийслэлийн гол дүүргийн нэг болох Чингэлтэй дүүргийн МАН-ын бага хурал өнөөдөр эхлэх гэж байна.  Энэхүү хурал нь товлогдоогүй байж байгаад гэнэт зарлагдсанд хамаг хэргийн учир байгаа аж.

Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар, энэ гэнэтийн хурал нь тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхтөр гэгчийн найруулсан хор явагдаж байгаа гэнэ. Энэ учрыг мэдэх нэгний ярьснаар, дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг МАН-ын хорооны даргаар дахинн сонгож, албан тушаалын хэнээтнүүдийг нам дотор бугшуулах гэсэн арга хэмээн тайлбарлаж байна.

Дүүргийн МАН-ын дэд дарга Д.Мөнхтөр гэгч нь Д.Ганболдыг намын хорооны даргын суудалд үлдээж, өөрөө НАМЗХ-д хашдаг албан тушаал болон бусад албан тушаалаа хадгалан үлдэхээр ийнхүү улайрч байгаа нь МАН-ын залуу боловсон хүчнүүдээ дэмжиж ажиллах бодлогыг хаан боогдуулах арга замаа засаж эхэлсний нэг хэлбэр хэмээн үзэж болохоор. Тэр ч бүү хэл, зарим нэгэн үүрийн хурал нь хаалттай маягтай хуралдан, бодлогын чанартайгаар зарим гишүүдээ оруулахгүй, хаалгаа цоожилж байгаад хурлаа дуусгах гэх мэтийн увайгүй марзан зүйлс гараад байгаа гэнэ.

Өөрсдийн хувийн албан тушаалын амбицаа намынхаа бодлогоос дээгүүрт тавьдаг эдгээр нөхдийн иймэрхүү үйлдлүүд нь нам доторх эв нэгдлийг бусниулан, МАН-ын рейтинг уруудахад улам ихээр нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй. Энэ мэтчилэнгийн шударга бус, хор найруулсан маягийн хуйвалдаан МАН-ын анхан шатны байгууллагууд дотор ихсэх хандлагатай байгаа нь Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн удирдан зохион байгуулах менежмент, арга барил, ур чадвар дутагдаж буйн шинж гэж харж болохоор. Уг нь, зарим нэг өнцгөөс харахад, МАН-ын доторх залуусын эгнээ өргөжин, шинэчлэгдэх хандлага бага сагаар ч болов ажиглагдаж байгаа билээ. Иймд хамгийн нэгдүгээрт, намын зөв бодлогодоо анхаарах нь зүйн хэрэг болоод байна.

Хэрэв 2016 оны сонгуульд тодорхой хэмжээгээр амжилттай оролцохыг хүсч байгаа бол нам доторх иймэрхүү бусармаг зүйлстэйгээ шийдвэртэй тэмцэн, намынхаа эв нэгдлийг сайжруулах зайлшгүй шаардлагатайг эрхтэн дархтанууд нь эртхэн ухаарч, зохих арга хэмжээг авч эхлэхгүй бол өнөөгийн хүсэл мөрөөдөл тань 2016 онд “сэрүүн зүүд” болж хоцрох вий дээ!

Д.Мигаа