Зэсийн зах зээлд хомсдол үүсч, үнэ нь 7000 ам.доллар болж өснө
2020/07/28
Энэ оны долдугаар дугаар сарын эхний 20 хоногт зэсийн үнэ дунджаар 6283.61 ам.доллар байна. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили, Перу улсад халдварт өвчний тархалт нэмэгднээс нийлүүлэлт хүндэрч болзошгүй.
Мөн зэсийн үнэ 6385 ам.доллар тонн болж буурсан нь АНУ болон Хятадын улс төрийн сайнгүй харилцаа, Хятадын хувьцааны зах зээл таван хувиар буурсан зэрэгтэй холбоотой юм.
Зарим судлаачид зэсийн үнийн өнөөгийн өсөлтийг түр зуурынх байх магадлалтай гэж үзэж байна. Тухайлбал, зах зээл судлаач Robin Bhar “Зэсийн үнэ өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалтай харьцуулахад хэт хөөрөгдөлтэй байгаа учир ойрын хугацаанд 6000 ам.доллар болж буурна” гэжээ. Харин судлаач Benedikt Sobotka “Зэсийн уул уурхайн салбарт нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч, зэсийн уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удааширч байгаа учир зэсийн зах зээл хомсдол үүснэ.
Зэсийн үнэ ойрын гурван сард 6000 ам.доллар орчимд хэлбэлзэх боловч 2021 онд 7000 ам.доллар хүрч өснө” гэж “Fast Markets” судалгааны байгууллагад өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Судлаачид зэсийн үнийн хэтийн төлвийн талаар өөр өөр байр суурьтай байгаа ч зэс болон бусад таваарын үнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй мэдээллээс ихээхэн хамааралтай байгаа учир үнийн хэтийн төлөвийг тодорхойлоход хүндрэлтэй байна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсээс мэдээлжээ.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин