БНСУ-д өнгөрсөн долдугаар сарын 5-нд монголчуудад зодуулж, амиа алдсан 26 настай залуугийн аав А.Алтанхундагатай ярилцлаа. Талийгаач А.Гантөмөр толгойдоо хүнд бэртэл авсны улмаас эмнэлэгт ухаангүй дөрөв хоног эмчлүүлж байгаад бэртлээ даалгүй долдугаар сарын 9-нд амьсгал хураасан юм. 


-Талийгаач таны отгон хүү байсан гэж сонссон. Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ? 

-Бид Сэлэнгэ аймгийн Зүүнхараад амьдардаг. Хөгшин бид хоёрт ухаалаг утас  байхгүй болохоор хүүтэйгээ яриагүй удсан. Хамгийн сүүлд дунд ах руугаа “Би онгоцны тийзээ авчихсан. Аав, ээжид хэлээрэй. Би удахгүй очно, санаа зоволтгүй” гэж хэрэг гарахаас гурав хоногийн өмнө ярьсан байдаг. Уг нь зургадугаар сарын 15-нд  эх орон, ижий аавдаа ирэх байсан ч эрүүл чийрэг залуу хүн учраас тусгай үүргийн онгоцонд суух таван шалгуурыг хангаагүй. Дунд хүү маань Заамарын уурхайд ажилладаг болохоор бидэнтэй тэр бүр ярьдаггүй. Гэхдээ “Дүү ирэх болсон байна шүү” гэж хэл дуулгасан. Бид хүүгээ хэзээ мөдгүй үнсэх нь гэж баярлаж суутал төд удалгүй эмнэлэгт ухаангүй байгаа талаар мэдээ ахад нь ирсэн. Манайх гурван хүү, нэг охинтой айл. Талийгаач маань бидний отгон хүү байсан.

-Хүү тань БНСУ-ыг хэзээ зорьсон юм бэ? 
-Хүү маань таван жилийн өмнө БНСУ-руу албан ёсны ажлын гэрээгээр явсан. Бараг зургаа дахь жилтэйгээ золгох гэж байлаа. Сургуулиа төгсөөд, БНСУ-ын компанид гэрээгээр ажиллах ажлын анкет бөглөөд, тэнцээд явсан юм. Гэрээнийх нь хугацаа өнгөрсөн оны сүүлчээр дууссан. Өнгөрсөн нэгдүгээр сард ирэх ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас хойшлогдсоор л байсан. Миний хүү онгоцонд суух зөвшөөрлөө л хүлээж байсан юм. Хүү минь он гараад "харлачихсан" болохоор хууль бусаар амьдарч буй хүмүүсийг бүртгэдэг газар нь очоод, учир шалтгаанаа тайлбарлаад “Энэ хүн хүндэтгэх шалтгааны улмаас визний хугацаа нь дууссан ч нутаг буцаагүй” гэсэн утгатай цагаан хуудас авсан юм билээ.Манайх хэдэн малтай байсан ч нутагт маань шүлхий өвчин гараад, хэдэн малын маань ихэнхийг нь буудсан. Тэгээд улсаас нөхөн олговор гэж 800 мянган төгрөг өгсөн ч бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй шүү дээ. Аав, ээжийнхээ амьдралд нэмэр болох гэж л арга буюу үр минь харь орныг зориод, гэртээ эргэж ирсэнгүй. 
-Хэргийн талаар та тодорхой яриад өгч болох уу. Тухайн үед яг юу болсон юм бол? 
-Монгол руу ирэх гэж байгаа хүмүүс нэг дор цуглаж, уулзсан гэсэн. “Одоо удахгүй явцгаах юм чинь уулзаж жаахан сууя” гэсэн юм уу, юу гэсэн юм, бүү мэд. Тэгээд уулзалтаа тараад автобус  явах цаг эхлээгүй байсан болохоор метроны буудлын ойролцоо дэлгүүрийн үүдэнд хэсэг суусан байгаа юм. Тэгж байхдаа хажуу ширээний залуустай яриа хөөрөө болж, муудалцсан шиг байна лээ. Миний хүү хамт ажилладаг эмэгтэйтэйгээ явж байсан гэсэн. Тэр нь эмнэлэгт хүргэж, хэд хоног бидэнтэй холбож байсан. Гэмт хэрэгтнүүд хүүгийн маань толгойн хэсэгт цохиж унагаагаад, дээрээс нь элбээд зодсон гэж би ойлгосон. Хүү маань хүний нутагт ямар их тарчилсан бол гэж бодохоос ухаан санаа орж гараад зодолдож буй бичлэгийг нь үзэж чадахгүй байгаа. Хөл хорио тогтоочихсон хүнд цаг үед нэгнийгээ уруу татаж, уухайлан дуудчихаад алчихсан байгаа юм даа. Уулзах мөрөөрөө уулзахгүй хүний сайхан үрийг бүлэглэн, араас нь хөөсөөр байгаад зодож амийг нь хөнөөдөг араатнууд байдаг л юм байна. Хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг.
-Эмч нар хүүг нь найдваргүй боллоо гээд амьсгалын аппаратыг нь салгасан гэж сонссон. Эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тэгж болдог юм болов уу? 
-Хүүг БНСУ-ын дүүргийн биш  хамгийн том их сургуулийн эмнэлэгт  нь хүргэсэн байгаа юм. Эмч нар “Толгойн хэсэгт цус харвалт үүссэн байна. Бид хэр баргийн өвчнийг эмчилдэг. Хэрэв энэ хүн амьдрах боломжтой бол мөнгө төгрөг нь асуудал биш, бид яаж ийгээд хагалгаа хийж, амьдруулах байлаа. Даанч ямар ч боломж алга. Анх ирэхдээ ухаантай ирсэн ч удалгүй муудаж, бид амьсгалын аппарат залгасан. Одоо хүчээр амьсгалуулж байна” гэж хэд хоногийн дараа хэлсэн гэнэ лээ. Хамгийн сүүлд бүтэн биеийн оношилгооны аппаратад оруулахад ямар ч найдваргүй гэсэн хариу гарсан. Тэгээд эмч нар “Одоо та хэд салах ёс гүйцэтгэнэ үү. Амьсгалын аппарат салгаж болно гэсэн зөвшөөрөл өгнө үү” гэсэн юм билээ. Эцэг, эх нь Монголд байгаа учраас асран хамгаалагч нь байхгүй гээд аппарат салгах зөвшөөрөл олдоогүй. Консулын газраас “Энэ хүний аав, ээж амьсгалын аппарат салгах зөвшөөрөл олголоо” гэсэн бичиг хийж өгөөд, салгасан гэнэ лээ. Тийм хариу сонссон хэдий ч хүүгээ хүчээр ч хамаагүй амьсгаатай байлгах гэж хичээсэн. Монголд байгаа ах, дүү, хамаатан саднаасаа мөнгө төгрөг зээлээд, байгаа эд хөрөнгөө зараад, хэдхэн хоногийн эмчилгээнийх нь мөнгийг л төлж чадсан. Одоогоор ах, дүүдээ 40 сая төгрөгийн өрөнд орчихсон байна. Хэрэв бид мөнгөтэй байсан бол хүүгээ дахиад хэд хоног амьсгалуулж чадах байлаа. Өрөөл татуу байсан ч хамаагүй хүүг маань босгоод ирсэн бол бид зарж болох бүхнээ мөнгө болгоход бэлэн байв. Даанч тийм найдвар байсангүй. Нас барснаас нь хойш хүүгийнхээ шарилыг авч чадахгүй хэд хоносон. "Эмнэлгийн төлбөр дутуу" гэдэг шалтгаанаар талийгаачийнхаа цогцсыг эмнэлгийн шарил хадгалах өрөөнд хэд хонуулсан.  Тэгээд тухайн эмнэлгээс нь “Орон гэргүй гэдэг статусаар энэ хүний цогцсыг БНСУ-ын хуулийн дагуу чандарлаж болно. Харин хүүгийн тань шарилыг эмнэлгийн төлбөр барагдуулахаас нааш өгөх боломжгүй” гэсэн. Бид мөнгөгүйн улмаас хүүгийнхээ шарилыг ч авч чадахгүй байсан ч амьд хүн аргатай гэдэг дээ, хүлээж авлаа. 
-Хүүгийнхээ шарилыг хэзээ хүлээж авав? 
-Долдугаар сарын 25-ны нислэгээр чандрыг нь авчирч өгсөн. Бид хүүгээ үнсэхийг таван жил хүсэж, хүлээсэн. Гэтэл цогцсыг нь ч харж чадахгүй хүнд цаг үетэй  нүүр туллаа. Хүүгийн минь оронд дөрвөлжин хайрцагтай үнс л ирсэн. Би өөрөө чандрыг задалж, монгол ёсоороо хөдөөлүүлсэн. 
-Талийгаачийн эмнэлгийн төлбөр барагдсан гэж ойлгож болох уу. Хүүгийн тань аминд хүрсэн этгээдүүдийн ар гэрийнхэн та хоёртой холбогдов уу? 
-Бодоход өр ширийг нь төлсөн болохоор миний хүүгийн цогцсыг явуулсан юм байлгүй дээ. Тэр хүмүүсийн ар гэрийнхнээс бид хоёртой холбогдсон юм алга. Би нарийн асуудлыг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн хүүг минь цохиж унагаасан хүн спортоор хичээллэдэг байсан гэж дуулдана билээ. Манай дунд хүү болон миний төрсөн дүүгийн нөхөр болох Л.Баярсайхан нар л нарийн зүйл мэдэж байгаа болов уу. Хэрэг явдал гарснаас хойш мөнгө төгрөг зохицуулах ажил, гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоосон байж магадгүй. Хүүг минь хөнөөсөн хүмүүсийн ар гэрийнхэн  Монголд байдаг бол би уулзмаар байна. Тэдэнд сэтгэл, зүрх, хүн чанар бий бол бидэнтэй ирж уулзах ёстой. Даанч бид яаж, хэрхэн олж уулзахаа мэдэхгүй цөхөрч сууна. Дөрвөн хана харж, хашааны шарилж дундуур алхахаас өөр хүүгийнхээ төлөө юу ч хийж чадахгүй бачуурч байна. Сүүлдээ шөнө ч унтаж чадахгүй, гар, хөл, зүрх салганаад эмчийн хяналтад орлоо. Эхнэр маань “Хүүгээ зодуулсан, ухаангүй байна” гэх аймшигт мэдээг дуулаад, сэтгэлийн хямралд орсон. Түүнээсээ ч гарч чадалгүй хагацлын мэдээ сонссон. Тэрнээс хойш бараг хүнтэй ярихаа больсон. 
-Хэрэгт холбогдох шүүх хурлын тов гараагүй байгаа юу. Хэрэгт холбогдсон хүмүүсийг хорьсон, хориогүй гэсэн мэдээлэл та нарт байна уу?  
-Тухайн этгээдүүд дөрвүүлээ байснаас нэгийг нь БНСУ-ын шоронд хорьсон гэж дуулсан. Нэг нь хууль бусаар амьдарч байсан болохоор визнийх нь хугацаа хэтэрсэн гээд түр саатуулах байранд хорьсон гэнэ билээ. Хоёрыг нь хорих шаардлагагүй гээд гадуур байцааж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хоёр сарын дотор шүүх хурал товлогдох ёстой гэсэн. Хөл хорио тогтоочихсон энэ үед бид ч очиж чадахгүй байлгүй дээ. Энэ хэрэг яаж, хэрхэн шийдэгдэх нь үнэхээр тодорхойгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л гэдэг чинь энэ юм байна. Ядаж л монголдоо байсан бол наашаа, цаашаа гээд юу болж байгааг нь мэдчих байсан даа. 
-Талийгаач эхнэр, хүүхэдтэй байв уу. Та хүүгийнхээ талаар ярихгүй юү? 
-Харамсалтай нь миний хүү эхнэр, хүүхэдгүй. Магадгүй залуу хүн болохоор харьцдаг охин байсан байх. Харин бидэнтэй уулзуулж, учруулсан зүйл байхгүй. Өөрөө ч явснаасаа хойш ганц ч удаа аав, ээжтэйгээ уулзаагүй хүн чинь яаж ч эхнэрээ танилцуулах боломж байх билээ. Бидэнд ил цагаан ярьдаг хүн байгаагүй болохоор эхнэргүй л гэж бодож байна. Өөрийнхөө оронд ядаж ганц хүн үлдээсэн бол хүүгийнхээ өмнөөс хацрыг нь үнэрлээд нүд аних байлаа гэж бодож сууна. Хүүгийнхээ өмнө үхчихгүй яав даа. Хүү маань цалингийнхаа талыг ээж, аавдаа явуулдаг. Бид түүгээр нь хэдэн малынхаа өвс, тэжээл, хоол хүнсээ авдаг байсан. Биднийг хоолтой залгуулдаг, амьдралын төлөө тэмцэж байсан ганц хүү минь шүү дээ. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН