ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак коронавирусын халдвар авсныг тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгдлээ. 

Тэрээр “Александр Новак халдвар авсан нь үнэхээр харамсалтай зүйл боллоо. Хурдан эдгэхийг хүсье” гэжээ. Харин Новакын хэвлэлийн төлөөлөгч Олга Голак “Эрчим хүчний сайд Алс Дорнод руу уулзалтаар яваад ирэхдээ халдвар авсан. Түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Одоогоор бие нь сайн байна. Тэр ажлаа үргэлжлүүлэн хийж энэ сарын 19-нд болох ОПЕК-ийн орнуудын уулзалтад цахимаар оролцоно” гэв.

Мөн Ерөнхий сайд Михайл Мишустиныг Алс Дорнодын уулзалтад дагаж явсан зарим сэтгүүлчээс коронавирусын халдвар илэрчээ. Сэтгүүлчид Амур мужийн нийслэлээс буцаж ирээд энэ сарын 17-нд шинжилгээ өгсөн байна. Тиймээс тэднийг тусгаарлаж, үлдсэн сэтгүүлчид ажлаа үргэлжлүүлэн хийж бусад бүс нутгуудаар Ерөнхий сайдтай хамт явжээ. Мишустины Алс Дорнодын бүс нутгийн айлчлал энэ сарын 13-нд эхэлж өчигдөр дууслаа. Бүх сэтгүүлчид хамгаалалтын хувцас, бээлий, маск өгсөн. Гэвч тэд автобусанд суух үеэрээ маскаа зүүгээгүй байна.  Тиймээс тэдний эрүүл мэндийг хамгаалах бүх арга хэмжээг зайлшгүй авах ёстой гэж мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев болон түүний орлогч Дмитрий Волков, Соёлын сайд Ольга Любимова  нар коронавирусын халдвар авсан билээ.

 

Эх сурвалж: https://tass.com/