“Тэсо” корпораци нь хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагааг явуулж ирсэн компани юм.

Салбар компани болох “АйсМарк” үйлдвэр нь 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлж баталгаажуулсан. Манай хамт олон эрүүл ахуй, ариун цэвэрийн шаардлага хангасан орчинд чанартай бүтээгдэхүүнийг, өндөр бүтээмжтэйгээр үйлдвэрлэх эрхэм зорилгын хүрээнд ажиллаж ирсэн.

 

“АйсМарк” үйлдвэрийн 200 гаруй хөдөлмөрч хамт олон эрхэм зорилгоо гүнээ ухамсарлан хэрэглэгчиддээ амт чанартай зайрмагийг үйлдвэрлэн хүргэж байна. Бид бүтээгдэхүүнийхээ технологи, орц найрлагад чухал ач холбогдол өгч, итгэмжлэгдсэн төв лаборторидоо анхан шатны түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэл нь шинжлэж үзсэний үндсэн дээр зах зээлд нийлүүлдэг. Монголын томоохон зайрмаг үйлдвэрлэгчийн хувьд бид олон талт ажлуудыг энэ жил өрнүүлж эхэлсэн бөгөөд тухайлбал ОХУ-ын мэргэжилтэнгүүд манай “Айс Марк” үйлдвэрт сар гаруй хугацаанд ажиллаж, жор болон амт чанарыг ОХУ-н стандарт, туршлагыг шингээж сайжруулсан юм.

 

Бид дэлхийд зайрмагны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог “Текно Айс” брэндийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр хоёр тал гарын үсэг зурсан бөгөөд энэ онд суурилуулалтын ажил хийгдсэнээр хэрэглэгчид маань Итали техник, технологи ашиглан Орос жороор баяжуулсан амт чанар өндөртэй тансаг зэрэглэлийн зайрмагуудыг амтлах боломж нээгдэх бөгөөд энэхүү үйл явдал нь Монголын зайрмагны хөгжил дэвшилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох юм.

 

Сүүлийн үед манай Elite зайрмагны талаар буруу ташаа, сөрөг мэдээлэл тарж байгаад бид гүнээ харамсаж байна. Болсон явдлын талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгөхөд, 2014 оны 2 сарын 17 өдрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд чанарын эцсийн шатны хяналтаар он сар буруу дарагдсан зөрчил илэрсэн бөгөөд уг үл тохиролыг залруулснаар худалдаанд гаргасан байгаа. Үүнийг санаатайгаар мушгин гуйвуулж 2 жил хадгалсан зайрмагаараа ард түмнийг тэр дундаа хүүхэд багачуудыг хордууллаа хэмээн гүтгэх нь бид бүхний 10 жилийн хөдөлмөр, нэр хүндэд ноцтойгоор халдаж, нэг талыг хэт барьсан явцуу мэдээллээрээ үгүйсгэж байгаа нь тун харамсалтай юм.

 

Нөгөө талаас бид зайрмагаа зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үйлдвэрлэж нийлүүлдэг бөгөөд 2 жил зайрмаг хадгалах хийгээд түүнийгээ зах зээлд нийлүүлэх нь энгийн ухаанаар бодсон ч боломжгүй зүйл юм. Бидний хувьд алдаа гаргасан ажилтантай хариуцлага тооцож арга хэмжээ авсан болно. Энэ мэт бидний амжилтыг үгүйсгэж, нэр хүндийг унагах гэсэн ёс зүйгүй башир арга сүүлийн үед илт ихсэж байна.

 

Угтаа цөөхөн хүн амтай манай улсын хувьд үндэсний үйлдвэрлэл нь хэдий дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэхгүй ч гэлээ бага багаар өсөн нэмэгдэж, өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулж, алхам бүртээ хөгжиж дэвшиж, тэрхүү бүтээдэхүүнийг нь түмэн олон хэрэглэснээр Монгол айл өрх бүр ашиг орлоготой болж, улсдаа хөрөнгө оруулалт хийж, дэлхийн брэндүүтэй өрсөлдөх үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг үндэсний үзэлтэй хүн бүр ойлгон ухаарч энэхүү үйл явдлыг мэргэн ухаанаараа шүүн тунгаана гэдэгт бид итгэж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.