Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдлийн поликлиник болон салбар 3 амбулатори Нийслэлийн өдрийг угтаж 10 дугаар сарын 25-ны өдөр "Эвсэг, чадварлаг хамт олон - Ээлтэй, чанартай үйлчилгээ" уриан дор "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрөөр 312 хүний цусан дахь сахрыг, 387 хүний бие бялдрын үзүүлэлтийг тодорхойлж, 635 хүнд цусны даралтыг хэмжиж зөвлөгөө өгсөн байна. Мөн эмзэг, нэн ядуу, иргэний бичиг баримтгүй 218 хүнд нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ үзүүлж, 56 хүнд лабораторийн болон багажийн шинжилгээг үнэ төлбөргүй хийжээ.

Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг 2500 гаруй хүнд явууллаа. Бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч 83 хүнд нярайн асаргаа, хүүхдийн нэмэгдэл хооллолтын талаарх сургалтыг биечлэн үзүүлэх аргаар явуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг MSM ХХК ивээн тэтгэж, оролцогчдод гарын бэлэг өгч, урамшуулсан байна.

Харин хоол шим тэжээлийн төвд таргалалттай, илүүдэл жинтэй 45 иргэдэд зөв зохистой хооллолтын зөвлөгөө, сургалт явуулж, сурталчилгааны материал тараажээ. Үйл ажиллагаанд Монос, Еврофарм, КРКА эмийн компаниуд хамтран оролцож амин дэмийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааг хийсэн аж.

Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд санал, хүсэлтийг хүлээн авах цэг ажиллуулахад 19 хүн санал, хүсэл, талархлаа ирүүлжээ. Зохион байгуулагчдын зүгээс оролцсон болон дэмжин ажилласан нийт байгууллагууд, эрүүл мэндийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна.

alt

alt

alt

alt