ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-Д “АГААР ОРУУЛАХ” ТӨЛӨВЛӨГӨӨ
2020/09/16
Шинэ цагийн Монголын дараагийн “Эрдэнэт”, бүрэн хүч чадлаараа ажиллавал хэд дахин илүү гэгддэг Оюу Толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОюунЭрдэнийн үг биеллээ олов.
“ТУЗ-ийн гишүүдэд шалгуур, шаардлага тавина. Хэрвээ тэнцвэл ажлаа үргэлжлүүлж болно. Тэнцэхгүй бол суудлаа чөлөөлж өгөх хэрэгтэй болно” хэмээн есөн сарын өмнө мэдэгдэж байсан түүний үг өнөөдөр ийн бодит ажил болж, хөрсөн дээр буусан хэрэг
Канадын “Туркойз Хилл Ресурс” /66 хувь/, “Эрдэнэс Оюу толгой”/34 хувь/-ийг тус тус хамтран эзэмшдэг тус компанид Монголын Засгийн газрыг гурван гишүүн ТУЗ-д төлөөлдөг.Тэдгээр нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Түмэнцогт нар. Үлдсэн нэг орон тоо нь эзэнгүй байгаа гэсэн үг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд дээрх хоёр эрхмийн нэгийг чөлөөлж, шинээр хоёр гишүүнийг томилохоор болсон тухай мэдээлэл байна.
Ингэснээр Н.Баганбанди халаагаа өгөх үү эсвэл Ц.Түмэнцогтыг явуулах уу гэсэн асуулт ургахаас гадна шинээр Оюу Толгойн ТУЗ-д орох хоёр гишүүн хэн байх талаарх таамаг хөвөрч эхэллээ. Экс Ерөнхийлөгч Н.Баганбандийн хувьд Оюу Толгойд Монголын талыг төлөөлж, хамгийн олон жил суусан хүн. Тус компанийн ТУЗ-ийг байгуулах үеэс анхны гишүүнээр томилогдож, 2013 онд Засгийн газрын шийдвэрээр чөлөөлж байв. Харин 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, Засгийн газраа эмхэлсний дараа Н.Багабандийг уг албанд эгүүлэн томилох шийдвэрийг гаргаж байсан юм. Барагтаа үг дуугарч, байр сууриа илэрхийлээд байдаггүй нь өнөөдрийг хүртэл хугацаанд тогтоосон түүний имиж.
Харин Ц.Түмэнцогт бол харьцангуй шинэ хүн. 2016 оны есдүгээр сараас “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, 2018 оны зургадугаар сард Оюу Толгойн ТУЗ-д багтсан нэгэн. Улмаар “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын дэд сайд болоход уг албыг давхар хавсрахаар болсон байдаг.
Засгийн газраас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын онцлох нэг зарчим нь Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр Гишүүнийг сонгоно гэжээ.
Мөн Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай, англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай гэдгийг үндэслэл болгох аж. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол бол давуу тал болохыг дурджээ.
Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж, Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн нэгэн.УИХын гишүүн, парламентын дарга, Ерөнхийлөгчөөр хоёр удаа ажилласан зэрэг улс төрийн намтар арвинтай ч, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага үгүй.
Харин Ц.Түмэнцогт цахилгааны инженер болон нийтийн удирдлагын мэргэжлээр тус тус магистрын зэрэгтэй. Монгол дахь “Женерал электрик”-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдын зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.Өөрөөр хэлбэл, геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлага тэдний аль алинд нь алга. Тийм атал тэдгээрийн нэгийг явуулж, шинээр хоёр гишүүнийг тодруулах шаардлага, шалтгаан Засгийн газарт бий болохоор сонгон шалгаруулалтаа хийхээр болсон нь энэ.
Ер нь Оюу Толгойн ТУЗ-ийг анхлан байгуулсан 2010 оноос хойш эрх баригч нам нь төлөөний хүнээ томилж ирсэн нь Монголын төрд уламжлал болтлоо тогтсон жишиг. 2010 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, бизнесмэн Ч.Ганболд, 2013 онд Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгончулуу, 2015 онд Б.Бямбасайхан, 2016 онд Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар, 2018 онд Ц.Түмэнцогт гээд сонгуулийн үр дүн, тухайн үеийнхээ Засгийн газрын уур амьсгалаас Оюу Толгойд Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөж ирсэн байдаг. Харин энэ удаад улстөрчдийн төлөөний хүнийг төрийн нэрийн өмнөөс томилдог жишгээс арай өөр байдлаар шалгаруулахаар болсон нь зөв жишиг байж мэдэх.
Нөгөөтэйгүүр, Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХын тогтоолын төслийг 2019 оны сүүлээр баталсан.Оюу Толгойн гэрээг сайжруулах чиглэлээр УИХаас тогтоол баталсны дагуу Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОюунЭрдэнийг ахлагчаар томилж байв. Хууль зүй, дотоод хэрэг, Сангийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Эрчим хүчний, Байгал орчин, аялал жуулчлалын зэрэгзургаан сайдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, Оюу Толгойн компанийн БНХАУ-аас эрчим хүч худалдаж авч байгаа асуудлыг дотоодоос нийлүүлэх, татварын маргаантай асуудлыг хөндсөн байдаг. Мөн Дубайн гэрээг хэлэлцэж, хэрхэн сайжруулах талаар ярилцсан нь тухайн үедээ анхаарлын төвд орж байв.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар шинээр шалгаруулах ТУЗ-ийн гишүүдтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийх замаар босгыг нь өндөрсгөхөөс гадна УИХ-ын тогтоол, Засгийн газрын баримталж буй бодлогыг хамгаалах уул уурхай, улс төрд танигдсан нэгнийг томилох сонирхолтой байгаа гэнэ. Эрчим хүчний яам, Оюу Толгой компани хооронд гэрээ байгуулсан нь 2018 он. Гэрээний хүрээнд Тавантолгойн ордыг түшиглэн барих цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах талууд тохиролцсон юм. Дэлхийн хэмжээний томоохон нөөц бүхий Оюу Толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг эл компани Монголд үйл ажиллагаа явуулдаг ч дотоодоос эрчим хүч авдаггүй.
Харин Өвөрмонголын Эрчим хүчний корпорациас жилдээ 100 гаруй мВт-ын цахилгаан эрчим хүчийг импортоор авсаар өнөөг хүрч буй юм. Энэ нь Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авна гэсэн тэдний шаардлагатай холбоотой . Манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэх цахилгааныг тэд урд хөршөөс авдаг гэсэн үг. 100 гаруй мВт эрчим хүч гэдэг нь 160-170 орчим сая ам.доллар. Ойролцоогоор 450 гаруй тэрбум төгрөг. Дотооддоо цахилгааны шинэ эх үүсвэргүйн улмаас жил бүр бид ийм хэмжээний мөнгийг сул алддаг хэрэг. Харин хоёр тал гэрээ байгуулснаар 2019 оноос Оюу Толгойн эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг, 2023 оноос 100 хувь дотоодоосоо хангаж эхлэхээр болсон. Гэвч энэ ажил өнөөг хүртэл ямар нэгэн тоймтой шийдэлд хүрээгүй байгаа энэ цаг үед ТУЗ-ийн гишүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь анхаарал татах сэдэв мэдээж мөн.
С.Гандөл
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
zochin · 2020/09/17
Odiid hen boloh ni todorchoo bailgui dee.