Нийтийн тээврийг үнэгүй болгох нь дээр юм байна
2020/09/25
Нийтийн тээврийн үйлчилгээнд кондукторыг халж, жолоочийн хяналтан дор картаар зорчих болоод удаж байна. Гэвч иргэд картаа цэнэглэхгүй байх, жолоочийг анзаарахгүй бол мөнгө төлөхөөс зайлсхийх, эсвэл жолоочид бэлэн мөнгө өгснөөр нийтийн тээврийн дансанд орох ёстой орлогыг бууруулах болсон.
Өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 1227 автобусны камерыг бүрэн ажиллагаанд оруулсан ч жилийн дотор 350 автобусны камерыг зориудаар эвдэлсэн байна.
Ихэнх нь жолооч талын камер байжээ. Энэ нь хяналтаас бултаж, автобус компанид орох ёстой мөнгийг жолооч авч байгааг харуулах нэг үндэслэл аж. Үүнтэй холбоотойгоор иргэд нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ төлбөр хэрхэн төлж байгааг сурвалжиллаа. Их, дээд сургуулийн хичээл эхэлж, ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн горимоор хичээллэх болсонтой холбоотойгоор автобусаар зорчих хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Биднийг Гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр очиход 30 гаруй хүн зогсож байв. Зорчигчид буудлын дэргэдэх карт борлуулах цэгийн хаалгыг татсан ч хаалттай байсан юм. Тийм учраас зарим иргэд автобусны жолоочид бэлэн мөнгө өгөхөөр бэлдэж, сууж байлаа. Хяналт шалгалт сул учраас жолооч иргэдийн өгсөн мөнгийг жишим ч үгүй авдаг жишиг энд байна.
ИРГЭН Б.НАРАНЦЭЦЭГ: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД БЭЛЭН МӨНГӨ ӨГЧ ЗОРЧИХООС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАГ
-Сая та карт борлуулах цэгийн хаалгыг татаж үзэхэд хаалттай байлаа. тэгвэл одоо автобусандаа мөнгө өгч суух уу?
-Эндээс 500 төгрөгөө жолоочид төлөөд л сууна даа.
Карт борлуулах цэгийн хүнийг хэзээ ирнэ гэж хүлээх билээ. Хүүхдээ хурдан хүргэж өгөхгүй бол болохгүй, яараад байна.
-Ер нь карт борлуулах цэг хангалттай байж чадаж байна уу?
-Яахав, төв газраар харьцангуй гайгүй ч гэр хорооллын иргэдэд хэцүү шүү дээ. Тиймээс ч захын дүүргүүдэд бэлэн мөнгөө өгөөд суухаас өөр аргагүй болдог. Хүмүүсийн санхүүгийн боломж харилцан адилгүй. Нэг дор 5-10 мянган төгрөгөөр нь цэнэглээд авчихдаг хүн цөөн. Тиймээс тухай бүртээ цэнэглэх шаардлагатай болдог ч газрууд нь хүрэлцээгүй тул жолоочид мөнгө өгөөд зорчихыг илүүд үзэж байна.
-Нийтийн тээврийн үйлчилгээ замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэгтэй. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хэрэв автобусыг үнэгүй болговол түгжрэл багасах болов уу. Гэхдээ зорчих хүмүүс эрс нэмэгдэж, илүү их зохицуулалтууд шаардлагатай болох байх” гэв.
Автобусны буудал дээр хүмүүсийг ажиглаж байхад, сурагч охин дүрэмт хувцасныхаа халааснаас 200 төгрөг гаргаж ирээд “Нэгдүгээр хороолол” чиглэлийн автобус руу оров. Жолооч нь утсаар чанга чанга ярьж, хүмүүс картаа бүрэн дарж байгаа эсэхийг анзаарах сөхөөгүй байсан тул охин мөнгөө атгасан чигээр хойш алхлаа. Мөн зарим хүний картны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ч араас шахах хүмүүст түрэгдэн төлбөр төлөлгүй зорчиж харагдана. Энэ болгоныг жолооч анзаарсангүй. Түүнчлэн, зарим нь жолоочийн бүхээгт байрлах төхөөрөмжийн арын хэсэгт бэлэн мөнгө шургуулахад жолооч тэр даруй авч цааш хийж байлаа. Бид нэг удаад хэчнээн хүн төлбөр төлөхгүй байгааг тоолсон юм. Дараагийн буудал дээр зогсоход 10 гаруй хүн автобусанд орж ирэв. Тэдний дөрөв нь мөнгө төлсөнгүй, гурав нь бэлэн мөнгөөр үйлчлүүлж, үлдсэн нь картаа дарлаа. Биднийг “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн буудал дээр очиход карт цэнэглэх цэг байтугай автобусны буудал гэмээр таних тэмдэг ч үзэгдсэнгүй. Энэ сургуулийн сурагчид, багш ажилчид нийтийн тээврээр үйлчлүүлэх картаа цэнэглүүлж чаддаггүй байна.
Цамбагаравын буудал дээр ирэхэд карт борлуулах хоёр ч цэг хаалттай байсан юм. Мөн эцсийн зогсоол буюу 34 дүгээр байрны буудал дээр карт борлуулах цэг нь бас хаалттай байв. Төвөөс холдож захын хороололд ойртох тусам нийтийн тээврийн үйлчилгээ жинхэнэ утгаараа үнэгүй болж байлаа. Жолооч зорчигчдын өгсөн мөнгийг халаасандаа хийж, бараг л компаниасаа илүү орлого олж байна уу даа гэж харагдсан юм. Иргэдээс яагаад картаа дарахгүй байгаа, жолоочид бэлэн мөнгө төлж буйг тодруулахад “Мартчихаж. Араас хүмүүс түрж орж ирэхээр яалт ч үгүй амжсангүй”, “Карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байна. Хүлээгээд зогсоод байж таарахгүй биз дээ” гэх зэргээр хувь хувьдаа бэлэн тайлбар хэлж байлаа. Сүүлдээ ч ажигч үгүй бэлэн мөнгө авч байсан жолооч хяналт шалгалт ороод ирэв үү хэмээн бодсон бололтой “Бэлэн мөнгөөр зорчихгүй шүү” хэмээн шаардлага тавьж дүр үзүүлэх болов.
Захын туслах болон гэр хорооллын зам дагуу “смарт карт” борлуулах, цэнэглэх цэг цөөхөн байв. Тиймээс ч нийтийн тээврээр үйлчлүүлэгчид бэлэн мөнгө төлж, эсвэл ямар ч төлбөр тооцоо хийлгүй зорчих явдал улам нэмэгдсэн юм. Ухаалаг карт цэнэглэх борлуулах цэг гэсэн хаяг бүхий саарал байгууламжууд захын дүүргүүдэд ихэвчлэн хаалттай байх аж. Мөн захын хороололд ойртох тусам автобусны буудал дээр суух сандал, сүүдрэвч зэрэг тохижилт цөөрсөн юм.
“Улаанчулуут-Вокзал”-ын автобусанд 10 сурагч суухад долоо нь карт даралгүй үйлчлүүлэв. Үүнийг жолооч нэг их тоомсорлосон шинжгүй. Төхөөрөмж “Картаа дахин дарна уу” гэсэн ч жолооч шаардлага тавьж, түүнийг нь биелүүлж байгаа хүн ч алга. Жолооч зөвхөн жолоо л барих үүрэгтэй болохоос орлого зарлага хамаагүй гэсэн бодолтой байгаа нь илт анзаарагдана. Ер нь хүмүүст автобус үнэгүй тээврийн хэрэгсэл хэдийнэ болжээ.
ЗОРЧИГЧИД БЭЛЭН МӨНГӨ ӨГӨХӨӨР ЯАХАВ, НААД МӨНГӨӨ АВААД ЯВ Л ГЭДЭГ
Автобусны жолооч Г.Хатанбаатар “Улаанчулуутаас Вокзал ороход 36 минутын заалттай байдаг. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ нэг бүтэн тойроход цаг 10 минут явж байгаа юм. Иргэд картаараа үйлчлүүлдэггүй. Одоо дөнгөж хичээл сургууль нь ороод жигдрээгүй болохоор хөдөөнөөс орж ирсэн оюутан сурагчид маань картаа аваагүй байх шиг байна. Тэгээд мөнгө өгч орж ирнэ. Энд чинь карт зарахгүй, цэнэглэхгүй байна гэдэг шалтаг хэлээд мөнгө өгдөг. Бид нар яахав, наад мөнгөө аваад яв л гэдэг. Ерөнхийдөө оюутан ч гэлтгүй арван жилийн хүүхдүүд картаа дарахгүй байна. Тэд нараас авахгүй гэдэг юм уу яадгийг нь мэдэхгүй” гэж хэллээ. Мөн тэрбээр “Зарим хүн нохойнд яс хаяж өгч байгаа юм шиг л мөнгөө шидээд явдаг юм” хэмээн уцаарласан юм.
“Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны жолооч Н “Одоо хөдөөнөөс хүмүүс олноор орж ирсэн. Тэдэнд карт байхгүй. Тиймээс бэлэн мөнгө өгдөг. Бид шаардлага тавьдаг ч жолоо барьж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох ёстой тул босоод хэрүүл шуугиан хийгээд байж чаддаггүй” хэмээн ярив.
Сурагч А.Жамка “Өглөө хичээлдээ олон хүнтэй чихэлдэж явахаар хэцүү байдаг. Хэт чихэлдсэнээс картаа дарахгүй байх, хулгайд эд зүйлээ алдах асуудал ч зөндөө бий. Автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх гэхээр хариултаа авч чадалгүй шахалдах тохиолдол гардаг. Тиймээс заримдаа мөнгө өгөлгүй суудаг” хэмээн ярилаа.
Иргэн Намуун “Нийтийн тээвэр үнэхээр хүртээмжгүй байна. Амьхандаа түгжрэхгүй гэж гэрээсээ эрт гардаг ч цаанаас ирж байгаа автобус нь дүүрчихсэн, ямар ч хүртээмжгүй. Өглөө 7:00 цагт автобусны буудал дээр 70, 80 хүн битүү зогсож байгаа юм. Тэгээд л буудлын хоёр талаас такси барих гэсэн хүмүүс олон бий. Нийтийн тээвэр хүртээмжгүй юм бол ядаж такси үйлчилгээг сайжруулах хэрэгтэй шүү дээ. Ер нь өглөө карт уншуулах ямар ч боломжгүй. Ажил алба, хичээл сургуульдаа хоцрохгүйн тулд тэр олон хүнтэй чихэлдэж, өрсөж ороход карт дарах нөхцөлгүй. Ар араас нь түлхээд л явчихдаг учраас картаа дарах сөхөө ч гардаггүй нь үнэн. Камер нь ажилладаг эсэх эргэлзээтэй” гэж хэлсэн юм. Энэ бүгдээс харахад нийтийн тээвэр үнэгүй болох цаг болжээ. Тэртэй тэргүй арван хүн тутмын хоёр нь л картаа уншуулж байна. Тийм болохоор нийтийн тээвэр яаж ашигтай ажиллах юм. Зүгээр л үнэгүй болгоё.
П. САЙНЖАРГАЛ
Zochin · 2020/09/27
Vnegvi bolgo bolgo duraaraal bol
Зочин · 2020/09/26
Үнэгүй болгож болохгүйэээ!!!! Наад хөдөөнөөс ирсэн гэр хороололын оркуудыг бүгдийг нь хөдөө рүү нь буцааж, малжуулаад амьдруулах хэрэгтэй!! Харин тэр малжуулах хөрөнгийг нь төрөөс гаргах шаардлагатай шүү!!! УБ хотод гэр хороолол гэж байхгүй болгох!!!! Хамаг муу муухай, хулгай, дэарэм, хүчин бүгд хөдөөний (бандааш УИХ-гишүүн г.м.) оркуудаас гараад бна шүү дээ!!! Хөдөөнийхөн гэртээ харицгаалдаа, хотын бид тайван амьдарч ажлаа хиймээр бнаааа!!!
Зочин · 2020/09/26
Үнгүй болгоод хувийн тэрэгийг хотын төвөөр явуулдагүй болго
Зочин · 2020/09/25
Түгжээд байгаа тээврийн хэрэгслүүдээс өндөр татвар авах хэрэгтэй.1-р эгнээгээр зорчих машинуудыг цэгцлэх хэрэгтэй.Сайн торгох хэрэгтэй.тэгээд орсон орлогын хэмжээгээр нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, зорчих тасалбарыг хямдруулах хэрэгтэй
Зочин · 2020/09/25
Автобусны картыг иргэд мобайл банк, интернэт банк, гар утсаараа өөрсдөө цэнэглэх боломжтой болгох хэрэгтэй.